Д.Нямхүү: Франц улсын иргэнийг гадуурхалгүй, монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана

Д.Нямхүү: Франц улсын иргэнийг гадуурхалгүй, монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана

ЭМЯ-наас өгсөн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “гуравдугаар сарын 9-нд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Францын иргэний нэгдүгээр хавьтагч 98 хүнийг 3-р сарын 10-нд тусгаарлаж лабораторийн шинжилгээ хийж байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан, халдвар илрээгүй. Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Энэ өвчтөнийг эдгэрүүлэхийн төлөө монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана.

Мөн иргэдийн дунд Франц улсын иргэнийг гадуурхсан, харааж зүхсэн олон хандлага гарч байна. Аль ч улс оронд өвчтэй хүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тиймээс энэ цаг үед ийм буруу хандлага гаргалгүй монгол хүний ёс жудагийг харуулах хэрэгтэй.

ДЭМБ-ийн ажилчид ч гэсэн манай улсад тусламж үзүүлэхээр ирсэн. Гэтэл тусыг нь авчихаад ад шоо үзэх нь монгол хүний зан биш. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тиймээс өнөөдөр өглөө буцсан. Тэд энэ хугацаанд өөрсдийгөө маш сайн хянаж, эрсдэлийг тооцоолон ажиллаж байсан гэдгийг дурдах нь зүйтэй” гэсэн юм.

Коронавирусийн зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд 900 гаруй дуудлага ирсэн. Үүний 300 гаруй нь хуурамч буюу  худал мэдээлэл өгсөн, тоглосон дуудлага байна гэжээ. Тиймээс иргэд ухамсартай байж албан хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхаарууллаа.

Мөн ДЭМБ-аас халдвартай холбоотойгоор аливаа улс орны иргэдийг ялгаварлан гадуурхалгүй хамтран ажиллах ёстойг анхааруулжээ.