Э.Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэсэн Дэд консул Баттүшиг нь Тагнуулд ажиллаж байсан

Э.Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэсэн Дэд консул Баттүшиг нь Тагнуулд ажиллаж байсан

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ өнөөдөр /2019.06.07/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2019 оны тавдугаар сарын 3-нд Турк  улс дахь Монголын Станбулын дэд консул Б. Баттүшиг, жолоочийнхоо хамтаар дипломат дугаартай автомашинтай явж байхдаа Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ  саатуулагдсан. Энэ үед 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явж байсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ саатуулагдсан гэсэн үг. Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тагнуулын байгууллага энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгч этгээдийг шалгаж байна.

2018 оны сүүл, 2019 оны эхээр Европын холбооны улсуудаас Монгол Улсын дипломат болон албан паспорт, дипломат дугаартай машин ашиглан хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл өгч эхэлсэн. Энэний дагуу хэд хэдэн чиглэлээр судалж, шалган  Герман улсын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах үеэр энэ хэрэг гарсан. Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа зүүлэх эрх зүй байхгүй тул тэд Герман улсын хуулиар шийтгэгдэнэ.

Нарийн үзэх юм бол  дипломат дугаартай автомашин нь хувийн машин байсан. Хувийнхаа хэрэгцээнд автомашин ашиглахад тухайн орондоо хүсэлт тавиад дипломат дугаар авч болдог. Ийм машин ашигласан байж болзошгүй үйлдэл байгаа. Цааш нь нэлээн сайн судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгов. Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр яагаад Герман улсад явж байсан бэ. Их хэмжээний мансууруулах төрлийн бодисыг хэн нийлүүлэв гэдгийг тодруулж шалгах асуудал нэлээн байгаа.  Шалгалт явагдаж байна.

-Б.Баттүшиг өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байгаад Станбулын консулаар томилогдсон юм уу? 

-Б.Баттүшиг  өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Төрийн алба, дипломат албаны шалгуурыг хангаад ажиллаж байсан хүн.

-Б.Баттүшиг “Би тагнуулын байгууллагаас томилогдож очсон хүн.  Гадаад харилцааны яамны хүн биш ээ гээд Ерөнхий консулынхаа үгийг үл тоодог байсан гэх мэдээлэл байна?

-Тэр талаар мэдэхгүй байна. Гадаад хэргийн яамнаас томилогдсон албан тушаалтан.

-Гадаад хэргийн яамнаас энэ оны нэгдүгээр сараас хойш хар тамхины хэрэг хилийн чанадад үйлдэгдэж байгаа тул шалгаж өгөх хүсэлтийг Тагнуулын байгууллагад тавьсан юм уу?

-Энэ мэдээлэл тагнуулын байгууллагын шугамаар орж ирсэн. Хилийн чанадад 2018 оны байдлаар 1400-аад орчим хар тамхины болон хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хэргүүдийн статистик судалгааг Гадаад харилцааны яамнаас өгсөн. Тэр дундаа 160 гаруй хүн гадаадад ял эдэлж байгаа. Тэдний 50 гаруй нь хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна.

-Дипломатаар томилогдоод удаагүй байхдаа хар тамхины хэрэгт холбогджээ. Тэгэхээр гаднын иргэдэд үйлчилсэн ч юм уу, ямар нэгэн байдлаар “гар хөл” болсон асуудал байгаа болов уу?

-Томилогдож очоод удаагүй байхдаа ноцтой гэмт хэрэгт холбогдоно гэдэг бол анхаарал татсан асуудал мөн. Тагнуулын байгууллага иргэдээ зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглагдаад явдаг асуудалд холбогдуулахгүйн тулд  урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

-Манай улсын иргэд тухайн улсын хуулиар хэчнээн жилийн ял эдлэх вэ. Та бүхэн тухайн улсын ялын бодлогыг судалж үзсэн үү?

-Маш хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тэр тусмаа хар тамхийг нууцаар хил давуулах нь маш ноцтой гэмт хэрэг.

-Энэ хэрэгт өөр Монгол Улсын иргэн оролцсон асуудал байгаа юу?

-Өнөөдрийн асуудалтай холбоотой л мэдээлэл өгнө.

-Гадаад харилцааны яамнаас энэ оны нэгдүгээр сард Истамбулын Консулын газрыг шалгасан гэж байсан. Тэр үеэр сэжиг таамаг илрээгүй юу. Энэ төрлийн гэмт хэргийг туйлд нь хүргэхээс наагуур арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Гадаад хэргийн яамнаас дотоод шалгалтаараа юу шалгасныг нь тагнуулын байгууллага мэдэхгүй.

-Гадаад харилцааны яамнаас танайд хүсэлт тавиад дөрвөн сар өнгөрч байгаа талаар мэдээлсэн.

-Ний нуугүй хэлэхэд хар тамхийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь далд аргаар, өндөр зохион байгуулалт дор үйлдэгддэг гэмт хэрэг. Хэргийг хууль хяналтын байгууллага тогтоохоор ажиллаж байна. Гэхдээ одоогоор тодорхой болоогүй байна.

-Энэ хэрэг олон удаагийн давтамжтай байх болов уу?

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шинэ нөхцөл байдал тогтоогдох юм бол хэвлэлд мэдээлэл өгнө.

-Хоёр иргэнийг эх оронд нь шилжүүлэх боломжтой юу?

-Энэ чиглэлээр Гадаад харилцааны яам, Тагнуулын байгууллага хамтарч ажиллана. Аль ч улс орон энэ тохиолдолд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Хоёрдугаарт, хариуцлагын асуудал яригдах ёстой. Их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц хар тамхины асуудал яригдаж байна.

-Үүний ард олон хүн холбогдох эрсдэл байна уу?

-Тийм магадлал их өндөр байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Тагнуулын байгууллагаас Герман дах Консулын газрыг нэгжсэн гэдэг мэдээлэл Германы сайтаар гарсан байсан. Энэ мэдээлэл бодитой юу?

Тэр талаар бол мэдэхгүй байна.