ЭМЯ: Франц иргэний биеийн байдал тогтвортой байна

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал тогтвортой байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр мэдээлэл өгсөнөөс 24 цагийн дараа 132 оронд нэмж 9 оронд бүртгэгдсэн. Казахстан, Судан, Кени зэрэг оронд нэмж бүртгэгдээд байна. Хятад, Япон, Солонгос улсад буурах хандлагатай байгаа бол Европын орнуудад голомтлон тархах хандлагатай болж байгаа тул ДЭМБ-аас цар тахал Европ тивд шилжиж байгааг, илүү олон хүн хамрахыг анхааруулсан.

ДЭМБ-аас 8 чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж байна.

  • Бэлтгэл бэлэн байдал хангах
  • Илрүүлэх урьдчилан сэргийлэх
  • Бууруулах хүрээгээ хумих

Сайжруулах буюу голомтыг цомхтгох гэсэн чиглэлийг найм болгож нэмсэн. Орон улс болгон, хүн, байгууллага болгон хариуцлагатай байх үе ирлээ. Цаашдаа өвчний эрсдэл өндөр байгааг анхааруулсан.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: COVID 19-ийн 7,499 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 342 хүн нас барж, 4,955-д хүрлээ. Жерси, Сан Верснет, Куба зэрэг улсад халдвар шинээр бүртгэгдлээ.

ДЭМБ-аас Халдвар хамгааллын чиглэлээр зөвлөл байгуулсан. Иранд хамтарсан баг 3 дугаар сарын 11-нд очоод ажиллаж байна. БНСУ-д 110 халдвар нэмж бүртгэгдсэн нь голомтлон халдварласнаас хойших хамгийн бага тоонд орж байна.

БНХАУ-аас гадна бусад улс орныг нэмснээс ч олон хүн Европ тивд бүртгэгдэж байгаа тул ДЭМБ-аас анхааруулж байна. Эрүүл мэндийн бусад асуудал байсаар байна. Эрүүл мэндийн ажилтнууд өнцөг булан бүрт цаг наргүй ажиллаж, баатарлаг үйлс бүтээж байна. Манай улсад үүсэхгүй гэж бодох нь ноцтой алдаа. Хятад, Солонгос, Япон, Сингапурын туршлага дэгдэлтийг хязгаарлаж болдгийг харуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн гээд нийт 8 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.

Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа. Гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлахад шинжилгээгээр вирус илрээгүй. 13-нд Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад авч, хоёрыг нь ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байна.

Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр, батлагдсан тохиолдол маань шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр байдаг тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтлахаар төлөвлөсөн. Тэр сорьцнууд маань ийнхүү  өнөөдөр зөөвөрлөгдөн ирлээ. Бид маш богино хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 400 гаруй хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад ажиглаж байна. Шинж тэмдэг илрэх эсэхийг байнга хянаж байгаа. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна" гэв.