Элчин сайд Ё.Отгонбаяр: Берлин-Москва-УБ ын нислэгт цөөхөн суудал байгаа бололтой

Элчин сайд Ё.Отгонбаяр: Берлин-Москва-УБ ын нислэгт цөөхөн суудал байгаа бололтой

Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарсан талаар албаны хүмүүс мэдээлсэн.

Тэгвэл манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа “Берлин-Москва-Улаанбаатарын нислэгт цөөхөн суудал байгаа бололтой. Яаралтай асуудалтай хүмүүс МИАТ-аар билет захиалж, энэ улсуудад байгаа ДТГ-д хандаж болох бололтой” гэжээ.

Сонирхуулахад Сөүл хот руу 1-2 удаагийн нислэг, Токио, Москва, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ба эх орондоо зайлшгүй буцах шаардлагатай байгаа манай улсын иргэдийг Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна.