О.Амартүвшин: Хямрал бодитоор нүүрлэсэн. Сангийн яам хойрго байсаар байвал горыг нь гурван саяулаа амсана

О.Амартүвшин: Хямрал бодитоор нүүрлэсэн. Сангийн яам хойрго байсаар байвал горыг нь гурван саяулаа амсана

Дэлхийн 100 гаруй оронд дэгдсэн короновирусийн халдварын улмаас аж, ахуй нэгжүүд санхүүгийн хувьд их хэмжээний алдагдалд орж, үүд хаалгаа барихад хүрсэн тухайгаа шат, шатандаа уламжилсаар байна.  Хэрвээ энэ хүнд нөхцөл байдал дахин гурван сар үргэлжилбэл улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, том зургаараа бид элгээрээ хэвтэх аюултай тулгарна.

Бид дээрх асуудлын хүрээнд энэ цаг үед үйл ажиллагаагаа явуулж буй компани, аж, ахуй нэгжүүдийн бодит нөхцөл байдал болон нэн даруй төрөөс ямар арга хэмжээ авах ёстой талаар Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

СОНСОХ 1-ХЭСЭГ

СОНСОХ 2-ХЭСЭГ

-МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДУТУУ
ҮНЭЛЖ, АСУУДАЛД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА-

-Манай улсын хувьд коронавирусээс сэргийлсэн үйл ажиллагааг явуулаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд худалдаа эрхлэгчид болон аж, ахуй нэгж, компаниудын үйл ажиллагаа нэлээн доголдлоо. Өнөөдрийн байдлаар аж, ахуй нэгжүүд эдийн засаг, санхүүгийн хувьд ямар эрсдэлд ороод байна. Мэдээж тэд энэ талаарх зовлонгоо та бүхэнд учирласан байх. Тийм үү?

-Уг өвчний эсрэг Улсын онцгой комисс, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлууд зохион байгуулалт сайтай байгааг юуны өмнө дурдах ёстой. Гэхдээ бүх зүйл эерэг, сөрөг талтай. Дэлхийн улс орнууд өвчний тархалтын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг тэлэх чиглэлд мөн адилхан анхаарч ажиллаж байгаа. Харин манай улсын хувьд уг хоёр хүчин зүйлийн нэгийг нь орхигдуулж байна. Тодорхой салбаруудын үйл ажиллагааг шууд зогсоох, цагийн хязгаартай ажиллуулдаг болгочихлоо. Ажиллах хөдөлгөөнийг шууд хорьсны дам нөлөө нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж  эхэллээ. Бид 1100 гаруй компани, аж, ахуй нэгжийн дунд судалгаа явуулсан.

Уг судалгааны дүнгээс харвал аж, ахуй нэгж компаниудын 88 хувийнх нь үйл ажиллагаанд нөлөө үзүүлж эхэлсэн байна. Уг 88 хувийн 60 орчим хувьд нь нэлээд хүчтэй нөлөөлж байна гэсэн дүн судалгаагаар гарсан. Харин 30 орчим хувьд нь дунд зэрэг нөлөөлж байна гэсэн. Мөн үүнээс найман хувь нь хэлэхэд эрт байна гэсэн бол хоёр орчим нь ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлээгүй байна гэсэн. Мэдээж тухайн бизнесийн онцлог, шинж чанараас хамаарч ингэж хэлсэн байх. Хоёрдугаар сарын тухайд улирлын шинж чанартай ажлууд бүхэлдээ зогссон байдаг үе юм. Нэг болон хоёрдугаар сард хамгийн бага дүнтэй нийгмийн даатгал төлдгийг статистикаас харж болно.

Харин дөрөв болон тавдугаар сараас барилга, уул уурхай, газар тариалан гээд Монголын гол салбаруудын хөдөлгөөн эхэлнэ. Энэ үед л бодитой хүндрэлүүд гарч эхэлнэ. Дахин хэлэхэд, судалгаанд оролцсон аж, ахуй нэгжүүдийн 66 хувь нь банкны зээлийн төлбөр, хүү, торгууль, алданги энэ үед хүндрэл учруулж байна гэсэн. Харин 20 гаруй хувь “Үйл ажиллагаа зогссон үед түрээсийн төлбөр төлөхөд хүндрэлтэй байна” гэж хэлсэн. Ийм үед компаниуд хувьсах зардлаа байж болох хамгийн бага хэмжээнд хүргэж байгаа. Харин тогтмол зардлаа бууруулж чадахгүй. Тодруулбал, цахилгаан, дулаан, ажилчдын цалин, татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт тогтмол зардлаа шийдэхэд төвөгтэй болсон гэсэн үг.

Бусад улс орнууд эдийн засгийнхаа чадавх, чадамжид тулгуурлан компани, аж, ахуй нэгжүүдийнхээ тогтмол зардалд нэлээн их дэмжлэг үзүүлж байна. Төлбөр, хураамж төлөх хугацааг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэх эсвэл хөнгөлөх, чөлөөлөх гэх мэт арга хэмжээг авч байна.

-Харин манай улсын хувьд компани, аж, ахуй нэгжүүдээ дэмжих ямар нэгэн ажлыг одоогоор хийж эхлээгүй байна. Байр, байдлаас нь харвал цаашид дэмжихгүй ч байх магадлалтай харагдаад байна?

-Дэлхийн улсууд нэн даруй арга хэмжээ авч буйг та бүхэн харж байгаа биз дээ. Өнөөдөр асуудал үүслээ гэхэд маргааш нь парламент нь хуралдаж, Засгийн газар нь шийдвэрлэж байна. Мөн банкууд нь идэвхтэй арга хэмжээг их сайн авч байгаа. Харин манай Засгийн газар асуудалд нэлээн хойрго хандаж байна. Тэр тусмаа эдийн засгийн асуудлыг шууд удирдан зохион байгуулах ёстой Сангийн яам асуудалд хойрго хандаж буйг бизнес эрхлэгчид шүүмжилж байгаа.

-Сангийн яам хойрго хандаж байна хэмээн та шүүмжиллээ.  Европт коронавирус илэрсэн даруйд G7 хуралдаж бодлогын хүүгээ буулгаж, Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран ажиллахаа мэдэгдсэн. Гэтэл манай улсын Сангийн сайд улсын төсөвтөө тодотгол хийхгүй, зардлаа танахгүй, ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж мэдэгдэж буйг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бодит нөхцөл байдал дээр манай төсвийн орлого буурах нь тодорхой болсон. Экспортын орлого нэлээд хэмжээгээр буурна. Орлого буурч буй тохиолдолд хүссэн, хүсээгүй төсвийн тодотгол хийх ёстой. 2020 оны төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Өнгөрсөн 2019 онд эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байсан учраас төсвийн орлогоо 25 хувиар өсгөсөн. Харин энэ жил дэлхий даяар 2020 оны эдийн засгийн өсөлтийг 2-3 удаа бууруулж байж 2.5 хувийн өсөлттэй байна гэдэгт тогтсон. Ийм байхад Монголын эдийн засаг 25 хувь өсөлттэй гарна гэдэг нь эдийн засгийн утгаараа ямар ч боломжгүй. Маш өндрөөр баталсан төсөв гэсэн үг.  Сонгуулийн жил учраас маш их хэмжээний утга, учиргүй хөрөнгө оруулалтыг хийж, үр дүнгүй ажлыг нэмж санхүүжүүлэхээр тооцоолсон. Төсөв хэлэлцэх үеэр Худалдаа аж, үйлдвэрийн танхимаас яг энэ асуудлаар саналаа хүргүүлсэн. Бидний саналыг анхаарч авч хэлэлцээгүй.

2020 он дөнгөж гарсны дараа Дэлхийн банкнаас манай улсад зөвлөмж ирүүлсэн. Зөвлөмжид Монгол улс саарал жагсаалтад орсон мөн сонгуулийн жилтэйг дурдаад төсвөө эргэж хараарай гэсэн байсан. Гэтэл эдгээр хүчин зүйл дээр вирусийн маш том нөлөөлөл нэмэгдээд ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр хүссэн, хүсээгүй тодотгохгүйгээр цааш явахгүй. Өөдрөгөөр тооцоолж, орлогоо бүрдүүлж чадна  эсвэл Ирээдүйн өв сан гэх мэт сангуудын мөнгийг ашиглана гэж бодсон бол хөрөнгө оруулалтаа маш зөв эрэмбэлэх шаардлагатай байна. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танаад хэмнэсэн мөнгөөрөө экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, үйлдвэр үйлчилгээг дэмжихэд чиглэсэн нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болгон ашиглах хэрэгтэй. Ингэж чадвал маш зөв зүйтэй алхам болж хувирна.

-Улсын төсвийн хоёр их наяд төгрөгөөр огт шаардлагагүй буюу хөшөө дурсгал барих, соёлын төвийг засах гэх ажлуудыг хийхээр төсөвлөсөн байна. Энэ мөнгөөр аж, ахуй нэгжүүдээ дэмжээч гэж та хэлээд байна уу?

-Статистикаас харахад аж, ахуй нэгжүүдийн төлдөг НӨАТ болон бусад татвар 25 орчим хувиар тасарсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл мөн тасарсан байгаа юм. Эндээс үзвэл байгууллагууд бодитоор хямралд өртсөн байгаа биз. Ирэх сард энэ хямрал илүү гүнзгийрнэ. Би яагаад үүнийг хэлээд байна вэ. Хоёр сарын өмнө коронавирусийн халдвар дөнгөж тархаж эхлэх үед шинжээчид “Дэлхийн эдийн засаг буурсан ч буцаад V хэлбэрийн өсөлт гарч, богино хугацаанд сэргэнэ. Энэ хямрал түр зүурынх” гэж дүгнэж байсан. Үүнээс хойш шинжээчдийн дээрх таамаглалууд маш хурдацтай өөрчлөгдөж байна.

Яг өнөөдрийн байдлаар эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Энэ бүхнийг манай Засгийн газар тооцох ёстой. Бидэнтэй хамгийн их хамааралтай БНХАУ-ын эдийн засаг энэ жил өсөлтгүй гарахаар байна. БНХАУ-ын эдийн засаг нэг хувиар буурахад Монголын эдийн засагт нөлөөлдөг нөлөөлөл ойролцоогоор 4.8 хувь. Тэгэхээр манай улсын эдийн засаг өсөх үндэслэлгүй байна. Энэ үед л тал, талаасаа зөв шийдвэр гаргахгүй бол болохгүй гэдгийг бид сануулж байгаа юм. Бидний танилцуулсан судалгаа, “Эдийн засгийн эрсдэлийг удирдах таван багц 21 санал” –д ч энэ талаар тусгасан.

-ОДОО Л АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ СОНГУУЛИЙН ДАРАА ЭДИЙН
ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ШҮҮ-

-Худалдаа аж, үйлдвэрийн танхимаас “Эдийн засгийн эрсдэлийг удирдах таван багц 21 санал” –ыг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. Уг саналын талаар та бидэнд тодорхой мэдээлэл хэлээч?

-Төсвийн болон экспортын орлого буурах нь тодорхой байна. Нөгөөтэйгүүр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж, ахуй нэгж, компаниудын үйл ажиллагаа зогсож, орлогогүй болчихлоо. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ажилгүйдлийн түвшин 20 хувь руу орох нь. Үндсэндээ 200 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжинэ. Энэ бүхний цаана банкны 18 их наяд зээлийн 50 хувь нь чанаргүй болно гэсэн үг. Нийгэм, эдийн засаг, банк санхүү гэх мэт бүхий л салбарт эрсдэлийг үүсгэнэ. Ядаж сонгуулийн жил давхцаж байна. Эдийн засагт төвөг учруулдаг популизм гаарна. Сонгуулийн дараа эдийн засгийг буцааж сэргээх ямар ч боломжгүй байдал үүснэ шүү.

Тиймээс ажлын байрыг хадгалахад чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг нэн яаралтай гаргах нь хамгийн чухал байна гэдгийг бид санал болгосон. Нэгэнт үйл ажиллагаа нь саарсан компаниудын татвар, нийгмийн даатгалын төлөлтийг хойшлуулж, хүү торгууль оногдуулахгүй байх арга хэмжээг авч өгөхийг мөн санал болгосон юм. Монгол банк шуурхай арга хэмжээ авч бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулж, банкуудын заавал байх нөөцийг буурууллаа. Эндээс нэлээд их мөнгийг зах зээл рүү нийлүүлэх боломжтой болж байна.

Гэхдээ Монгол банктай зэрэгцэж Засгийн газар ч мөн арга хэмжээ авах шаардлагатай. Монгол банк эцсийн зээлдүүлэгчийн хувьд арилжааны банкууд руу доод тал нь 500 тэрбум төгрөгийг нэн хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар нийлүүлэх шаардлагатай байна. Эндээс банкууд аж, ахуй нэгжүүдийн үндсэн зээл, хүүний төлбөрийн төлөлтийн хугацааг хойшлуулах эсвэл дахин санхүүжүүлэх ажлыг хийж болно. Асуудлыг даван туулахад 500 тэрбум төгрөгийг энэ зах зээл рүү нийлүүлэх шаардлагатай байна. Жижиг, дунд аж, ахуй нэгжүүд таван сар хүртэл ажлын байраа хадгалчихвал хамгийн том зорилт юм.

Ихэнх аж, ахуй нэгжүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Түрээслүүлэгчидтэй  бид уулзсан. Тэд уулзалтын үеэр “Ойрын хугацаанд хамгийн багадаа 30 хувиар түрээсээ хөнгөлж болж байна. Гэтэл газрын татвар 30 хувиар, дулаан цахилгааны төлбөр мөн л адил нэмэгдсэн. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ажилчдын цалингийн зардал өссөн. Ингээд бодохоор хэтийн зардал их өснө. Энэ үед бид түрээсээ нэмээгүй. Бидэнд саад болж буй газрын  болон үл хөдлөх хөрөнгийн татварыг хойшлуулчихвал бид түрээсийн төлбөрөө нэмээд буулгахад бэлэн байна” гэсэн. Шийдлүүдийг тал, талаас нь бид гаргаж тавьсан. Банкуудын холбоотой ч уулзсан. Энэ бол ойрын хугацааг эрсдэл багатай даван туулах арга.

Харин цаашид экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрийг нэн яаралтай хөгжүүлэх шаардлагатай юм байна. Тэгэж байж дараа, дараагийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах юм  юм байна. Мөн Эрсдэлийн сан, Баялгийн санг зайлшгүй бий болгох ёстой. Төсвийн зардлыг жил бүр нэмэгдүүлэх биш тэр мөнгөөрөө Баялгийн сангаа арвижуулах хэрэгтэй юм байна. Сангийн мөнгөө яг ийм хүндрэлтэй цаг үед төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор ашигладаг болно гэсэн үг.

-Та бүхний явуулсан саналд хариу ирүүлсэн үү?

-Санал тус бүрийг үзээд зайлшгүй хийх ёстой ажлууд мөн байна гэж үзсэн. Энэ ажлыг хийхийн тулд Засгийн газар өөрийнхөө эрх хэмжээнд шийдвэр гаргаж болохоос гадна УИХ-аар хэлэлцэх ёстой асуудлууд мөн бий. Тэгэхээр УИХ-аар хэлэлцэж хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлагатай саналууд бий гэсэн үг. Санаачлагч нь Сангийн яам. Гэтэл Сангийн яам хувийн хэвшлийг дэмжсэн, хамгаалсан чиглэлд одоогоор ямар нэгэн идэвх чармайлт гаргахгүй байгаа учраас уг ажил хойш тавигдчихаад байна.

-НӨХЦӨЛ БАЙДАЛ САНГИЙН САЙДЫН ЯРЬСНААС ТЭС ӨӨР БАЙНА.
100 ТЭРБУМ ТӨГРӨГ АЖ, АХУЙ НЭГЖҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ БАЙГАА-

-Боломжгүй гэсэн хариу хэлээд байгаа юм уу. Эсвэл судлах хүсэлгүй байгаа юм уу. Та хэрхэн харж байгаа юм?

-Үүссэн нөхцөл байдлыг маш дутуу үнэлж байна. Уржигдар Сангийн сайд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “V хэлбэрийн эдийн засгийн сэргэлт гарна. Энэ бол богино хугацааны асуудал. Бид өөрийнхөө нөөцөөрөө энэ хямралыг асуудалгүй даван туулна” гэж ярьсан. Гэтэл нөхцөл байдал, тоон үзүүлэлт Сангийн сайдын ярьснаас асар өөр байна. Гадаад зах зээл хүндрэлтэй үед жижиг эдийн засагтай манай улс сөрж амжилттай байх боломжгүй.

-Монгол банк бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулах нь хангалттай юу?

-Монгол банк харьцангуй хурдан арга хэмжээ авсан. Үүнтэй зэрэгцээд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Бодлогын хүүгийн бууралт 3-6 сардаа нөлөөлнө. Ирээдүйд авах зээлийн хүүнд нөлөөлнө шүү дээ.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү явуулсан та бүхний 21 санал дотор “Хориг, хязгаарлалтад орсон салбаруудын зээлийн хүүгийн 50 хувийг төр даах.  Үүнд зарцуулагдах 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах” тухай байна. Энэ өөрөө хэр бодитой тооцоолол вэ?

-Хэрвээ энэ ажлыг хийвэл маш олон эрсдэлээс хамгаалах томоохон алхам болно. Нийт гурван сарын зээлийн хүүг 100 орчим тэрбум төгрөгөөр шийдвэл ирээдүйд үүсэх хямрал, эрсдэлээс сэргийлэх юм. Дахин хэлэхэд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Улсын төсвөөс 100 орчим тэрбум төгрөгийг гаргаад шийдчих боломж хэр байгаа юм бол?

-За яахав дээ, 2020 оны төсвийг харъя л даа. Шинээр нэмж хөрөнгө оруулалт хийх 1.8 их наяд төгрөгийн 5 хүрэхгүй л хувь шүү дээ. 1.8 тэрбум төгрөг нь үнэхээр чухал юм байж. Энэ мөнгөөр хөдөө орон нутгийг хөгжүүлж, ард иргэдийн ая тухтай байдлыг дээшлүүлэхэд зарцуулах юм байна гэж ойлгоё. Гэтэл нэн яаралтай биш тэвчиж болох 500 гаруй тэрбум төгрөгийн төсөв байна. Энэ мөнгийг хэний ч амьдралд нөлөөлөхгүй ажилд зарцуулах нь байна. Харин 100 тэрбум төгрөгөөр 200 гаруй мянган иргэнийг ажилгүйчүүдийн эгнээнд оруулахгүй байх боломжтой.

-ГОРЫГ НЬ БИД ГУРВАН САЯУЛАА АМСАНА-

-100 тэрбум төгрөгийг шийдээд өглөө гэж бодъё. Тэгвэл энэ мөнгийг ямар зохион байгуулалтаар аж, ахуй нэгжүүдэд хүргэх юм?

-Банкаар дамжаад аж, ахуй нэгжүүдэд хүрнэ.100 тэрбум төгрөгийг нэг дор гаргахгүй. Гурван сарын хугацаанд бага, багаар шаардлагатай аж, ахуй нэгжүүдэд нь хүргэнэ. Өрийн дарамтад орсон, үйл ажиллагаа нь хүндэрсэн бичил, жижиг, аж ахуй нэгжүүд л хүрэх мөнгө юм.

-Нүүрсний экспорт нэгдүгээр улиралд 0 заалаа. Энэ нь эдийн засагт нөлөө үзүүлнэ. Удахгүй ноолуур гарна. Ноолуурын салбарт ямар өөрчлөлт гарахаар байна вэ?

-Бид дахиад л том зургаа харах ёстой. Манай улс дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 орчим хувийг нийлүүлдэг. Үүнийхээ 7-8 орчим хувийг Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгодог. Ойролцоогоор 10 мянган тонн ноолуурын тухай яриад байна шүү дээ. Бид энэ хэмжээний ноолуурыг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болговол зэх зээлд нэмүү өртөг нэмэгдүүлнэ. Дэлхийн улс орныг хамарсан өнөөдрийн эдийн засгийн хямрал нэлээд их өөрчлөлтийг авчирна. Европ бүхэлдээ төвөгтэй байдалд байна. Энэ нь ноолуурын зах зээлд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ. Тэгэхээр ноолуурын салбарт дахиад л төрийн дэмжлэг хэрэгтэй. Зөв менежмент л шаардлагатай. Манай улс  жилдээ хоёр сая ноолууран бүтээгдэхүүн хийдэг.

Үүнийхээ саяыг нь экспортолдог. 500 мянган бүтээгдэхүүнийг дотооддоо зардаг бол үлдсэн 500 мянгыг нь гадны жуулчид ирж авдаг. Вирустэй холбоотойгоор аялал жуулчлал зогсчихлоо. Үүнийгээ дагаад тээвэр, зочид буудал гээд бүх салбар уналтад орж байна. Энэ нь манай ноолуурын борлуулалтад нөлөө үзүүлнэ. Дотоодын худалдан авалт ч буурна. Учир нь иргэдийн худалдан авах чадвар муудна шүү дээ. Тэгэхээр бид бүх талдаа маш сайн ярилцаад зөв шийдвэрийг гаргаад явах ёстой. Бүх нийтийг хамарсан цар тахлаас үүдэн дэлхийн улс орнууд урьд өмнө нь болж байгаагүй эдийн засгийн хямралтай нүүр туллаа. Энэ үед хувийн хэвшил дангаараа асуудлаа шийдэж чадахгүй. Үйлдвэр эрхлэгчид хаалгаа барих шиг амархан зүйл үгүй. Ашиггүй ажиллаж байхаар хаачихсан нь дээр.

Гэтэл энэ нь урт хугацаандаа Монголын эдийн засгийг эрсдэлд оруулж нийгмийн хямрал руу оруулна шүү дээ. Тэр үед эдийн засгийг сэргээхэд хэцүү. Нөхцөл байдал  1929-1932 оны их хямралаас ноцтой болоод байна шүү дээ. Дэлхийн улс орнуудын харилцаа хандлагад хүртэл нөлөөлж эхлээд байна. Тэгэхээр энэ цаг үед хувийн хэвшил дангаараа эрсдэлээ үүрээд гарахад хэцүү. Хямралгүй үед бол эрсдэлээ үүрээд л гардаг шүү дээ. Харин одоо төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Өмнө нь болоод өнгөрсөн асуудал гэж хандаж байгаа бол буруу алхам шүү. Горыг нь бид гурван саяулаа амсана. Аль нэг нам, эвсэл амсахгүй шүү дээ

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.