Ж.Амарсанаа: Би шантарч, цөхөрсөн

Ж.Амарсанаа: Би шантарч, цөхөрсөн

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-аас 10 мянган ширхэг шинэ коронавирусийн оношлуурыг үнэ төлбөргүй Монголд авчрах ажлыг амжуулжээ. Эрүүл мэндийн яам уг оношлуурыг хүлээн авахад бэлэн гэдэг бичгийг БНХАУ-ын компани руу илгээвэл тэд зөрүүлээд оношлуураа Монгол руу явуулна гэсэн байна. Гэвч одоогоор Эрүүл мэндийн яамнаас албан бичгийг одоог хүртэл явуулаагүй байгаа аж.

Оношлуур авах зөвшөөрлийг хөөцөлдөж байж авсан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яамыг хүлээсээр байна гэдгээ илэрхийллээ. Түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа.

-НЭГ БҮР НЬ 10 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ 10 МЯНГАН ШИРХЭГ ОНОШЛУУРЫГ
ҮНЭГҮЙ АВАХ БОЛОМЖ БАЙНА-

-Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг БНХАУ-аас үнэ төлбөргүй авахад бэлэн болсон гэсэн. Одоо гагцхүү Эрүүл мэндийн яамыг хүлээж байгаа талаар цахим хаягтаа бичжээ. Яамнаас таньд энэ талаар ямар нэгэн хариу өгсөн үү?

-Одоогоор яамнаас нэг ч хүн албан ёсоор холбогдоогүй байна. Албан бусаар ч холбогдоогүй, чимээгүй л байна.

-Оношлуурыг авчирвал манай оношилгоо, эмчилгээнд хэр үр дүн үзүүлэх вэ. Энэ талаар та судалгаа хийсэн үү?

-Маш их нэмэртэй. Монгол улс  тусгай үүргийн онгоц нисгэж БНСУ, Япон, Турк зэрэг халдварын голомтоос иргэдээ авчирч байгаа. Бусад улс орноос иргэдээ авчрах ажил цаашид ч үргэлжилнэ. Одоогоор гадаадаас 1000-2000 монгол хүн ирээд байна. Нэг хүнийг дор хаяж 2-3 удаа оношлох шаардлагатай. Гадаадаас ирж буй хүмүүсийг оношлоход л 4000-5000 оношлуур хэрэг болоод байгаа биз. Эдгээр хүмүүсийн ойрын хавтлыг мөн оношилно шүү дээ. Нүүрс тээвэрлэлтийн жолооч нар өдөр бүр БНХАУ-руу орж, гарч байна. Энэ эрсдэлтэй хүмүүсийг мөн л оношлох шаардлагатай. Мөн халууны шинж тэмдэгтэй, сэжигтэй бусад хүмүүсийг ч шинжлэх шаардлага гарна шүү дээ. Ингээд тооцож үзэхэд дор хаяж 20-30 мянган оношлуур хэрэгтэй биз дээ. Тиймээс би оношлуур бүрдүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг л хүргэх гэсэн юм. Ядаж л коронавирус өргөн хүрээгээр Монголд тархлаа гэж үзэхэд нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай биз дээ. Энэ утгаараа БНХАУ-ын хэд, хэдэн компанид хандаж Монгол улсад оношлуур хандивлах ямар боломжтойг асууж, сурагласан. Тэгсэн нэг компани зөвшөөрөөд оношлуур өгөхөөр болсон. Гэхдээ тэд “Гагцхүү Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаасаа манай Элчин сайдын яам руу хүсэлт гаргаж өг. Тэр хүсэлт манай Элчин сайдын яамаар дамжин бидэнд ирвэл оношлуураа үнэ төлбөргүй өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яам оношлуурыг хүлээж аваад, хэрэглэхэд бэлэн гэдгээ илэрхийлэх шаардлагатай байна.

-Түргэвчилсэн оношлуур уу?

-Түргэвчилсэн оношлуур биш. Оношийг эцсийн байдлаар баталгаажуулдаг PCR гээд оношлуур.. Өөрөөр хэлбэл амны хөндий, залгиур, цуснаас арчдасаас дээж аваад вирусийн генийг ялгаад, ялгасан генийг нь үздэг. Вирус тоолох технологитой төстэй. Генийн аргаар хамгийн нарийн үзэж, баталгаажуулдаг, халдварыг илрүүлдэг.

-Нэг нь хэдэн төгрөгийн үнэтэй оношлуур вэ?

-Зах зээлд хамгийн хямддаа 10 доллараар зарагддаг. Өмнө нь би 50 хүний оношлуурыг 10 доллараар худалдаж аваад Эрүүл мэндийн яаманд хандивлаж байсан. Тэр компани юм. 10 мянган ширхэг нь нийтдээ 270 сая долларын тусламж гэсэн үг. Тус компанийн зүгээс “Өмнө нь та иргэний эр зориг гаргаж Уханьд ажиллах хүсэлт гаргаж байсан.Тиймээс бид Монголын ард түмэнд туслах үүрэгтэй” гэж хэлсэн.. Үүнд нь би маш их баярласан.

-ХЭРВЭЭ БИ БАЙСАН БОЛ ӨДӨРТ НЬ БИЧИГ ГАРГААД ГЯЛАЛЗУУЛАХ БАЙСАН-

Хэр хугацаанд оношилдог вэ?

-Энэ оношлуурыг ашиглавал хоёр цагийн дотор хариу нь гарна. Тэрний өмнө вирусээ ялгана гэсэн ажил бий. Тэр нь бол 2 цагийн ажил байгаа. Тэгэхээр хагас өдрийн дотор корона вирусний халдвартай эсэхийг оношлох боломжтой гэсэн үг.  

-Эрүүл мэндийн яамнаас тухайн компани руу бичиг явуулахгүй бол оношлуур ирэх боломжгүй юу?

-Тиймээ.

-Яамнаас яагаад хариу өгөхгүй байгаа бол?

-Мэдэхгүй. Миний хувьд өчигдөр л яаманд бичиг өгсөн. Судалж байж магадгүй. Манайхан чинь жаахан уддаг шүү дээ. Хэрвээ би байсан бол өдөрт нь бичиг өгөөд гялалзуулах байсан.

-Та Ухань хот болон Дорноговь аймагт ажиллах хүсэлт гаргасан. Одоо манай улсад тус халдвараар халдварласан нийт зургаан тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-д ажиллах хүсэлт гаргасан уу?

-Би цөхөрч байна. Хүсэлт гаргасан ч засаг төр нь дэмжээгүй. Ухань руу явах хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй. Шантарч, цөхөрч эхлээд байгаа.

-Халдварын голомтод ажиллаж байсан туршлага таньд бий юу?

-Эмч хүний хувьд ханиад томуутай зөндөө л зууралдана шүү дээ. Түүнээс коронавирустэй зууралдсан туршлага бол үгүй.

-Таныг хүсэлт гаргасны дараа хүмүүс шүүмжилж хүлээж авсан. Магадгүй таны хүсэл, зоригийг ойлгоогүй байж мэдэх юм?

-Хөрш орныхоо хамгийн хүнд хэцүү цагт нь туслах юмсан гэж бодсон. Ингэхдээ ганцаараа биш баг бүрдүүлээд явъя гэсэн. Улс орныхоо нэрийг гаргаад, эмч нарынхаа чадварыг харуулчихье гэж бодсон. Ухань хотод хятад эмч нар босоогоороо унтаж байсан үе шүү дээ. Тэр туйлдаж,ядарсан үед нь тусалбал Монголын ачийг үүрд санана. Хоёр орны дипломат харилцаанд шат ахиулна. Уханьд ажилласан эмч нар нь туршлага сууна. Тэр туршлага энэ цаг үед хэрэг болох хамгийн том капитал шүү дээ. Одоо бид туршлагатай сууж байх байсан.

-БНХАУ та бүхнийг хүлээж авах байсан уу?

-Засгийн газраас албан ёсоор бичиг явуулсны дараа л хүлээж авах эсэх нь тодорхой болох байсан. Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулж 30 мянган хонийг хүлээж авсан шүү дээ. Тэгэхээр монголчуудын тусламжийг хүлээж авахгүй гэсэн бодол, яриа хийсвэр шүү.

-БАЯРЛАЛАА ТАНЬД.