Маргаашаас зарим нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Маргаашаас зарим нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно. Маргааш өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус  хүйтэн байна. Энэ сарын 28-наас ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.