Д.Нямхүү: Халдвар авсан хоёр иргэн эдгэсэн тул эмнэлгээс гаргана

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр иргэн эдгэсэн тул эмнэлгээс гаргана

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Монгол Улсад одоогийн байдлаар коронавирусийн 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс хоёр иргэн эдгэсэн тул эмнэлгээс гарна хэмээн мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Бид эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Уушгинд нь гарч байгаа өөрчлөлтийг хянаж байгаа. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Гэхдээ энэ хоёр хүн өөрсдийгөө 14 хоног тусгаарлах ёстой. Мөн анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 3 дахь удаагаа шинжилгээ хийхэд илрээгүй. Гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй сайн мэдээ байна” гэв.

Эмнэлгээс гарсан хоёр өвчтөнд 7, 14, 21, 28 дахь хоногт үргэлжлүүлэн шинжилгээ хийх юм байна. Нууц үеийн хугацаа нь судалгаагаар тогтоогдсон. бөгөөд бусад орнуудад гарсан өвчлөлийн байдлаас судалгаа авахад сүүлийн 74 өвчтөнд эхний байдлаар коронавирус илрээгүй хэрнээ 16 хоногийн дараа вирус илэрсэн байна.Тиймээс тусгаарлалтын хугацааг 21 хоног болгожээ.

Тусгаарлалтад орсон иргэдийн дунд жирэмсэн, бага насны хүүхдүүд цөөнгүй байна

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна. Харин улсын хэмжээнд 2368 хүнийг тусгаарласан байна. Үүнээс жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа юм байна. Мөн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, гэмтэлтэй иргэд цөөнгүй байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж байна хэмээн мэдээллээ. Түүнчлэн тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна

Харин коронавирусийн халдварын дэлхийн улс орны нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор Хойд Марина арал болон ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол илэрснээр дэлхийн 202 оронд уг халдвар бүртгэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байгаа.

Үүнээс гадна эрүүл зөв хооллож, жингийн илүүдэлд орохгүй байх, чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх, архи тамхинаас татгалзах, дасгал хөдөлгөөн хийх, ойр дотны хүмүүстээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь чухал хэмээн зөвлөж байна.

Мөн зарим иргэн БНСАУ-руу зорчих хүсэлт гаргаж байна.Тэдгээр иргэн БНСАУ-д очоод өөрсдийн зардлаар 14 хоног тусгаарлалтад байх тул шийдвэрээ сайтар бодож гаргахыг зөвлөж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ