МИАТ: Тусгай үүргийн нислэгүүдийг  өөрийн хөрөнгөөр хийсэн, компанийн байдал хүнд байна

МИАТ: Тусгай үүргийн нислэгүүдийг өөрийн хөрөнгөөр хийсэн, компанийн байдал хүнд байна

УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хурлын үеэр МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Баттөр мэдэгдэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийг хүртэл зургаан удаагийн тусгай нислэгээр Монголоос 1173, Монгол руу 983 иргэнийг тээвэрлэн ирээд байна.

Бид тусгай үүрийн нислэгүүдийг дандаа өөрийн хөрөнгөөр хийсэн. Манай компанийн байдал их хүнд байна. Дэлхий даяар аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн түрүүнд хүндрэлтэй нүүр тулсан. Иймд томоохон агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарлахад ойрхон байна.

Энэ оны нэгдүгээр улиралд бид 90 тэрбум төгрөгийн орлого төлөвлөсөн ч 40 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгөөр орлого тасалдсан. Мөн нислэгийн үед зайнаас хэмжих халуун хэмжигч, суудлын тоогоор хоёр цаг тутамд солих амны хаалт, гар ариутгагч байрлуулж, бүх хаалга, суудлыг 75 хувийн цэвэр спиртээр ариутгаж байгаа бөгөөд эдгээр нь нэмэлт зардал болж байгаа юм.

Онгоцны агааржуулагчийг хэдэн жилд нэг удаа сольдог. Харин одоо нислэг бүрд сольж байна. Энэ нь их өндөр өртөгтэй. Онгоцны түрээс гэх мэт гэрээгээр төлөх үүрэгтэй 44 тэрбум төгрөгийн шилжүүлэг хүлээгдэж байна.

Хамтран ажилладаг гадаад, дотоод бүх байгууллагадаа хандан, дэмжлэг хүссэн. Олон улсад байдал ямар байна гэхээр ачаа тээврийн хүрэлцээ бага болсон. Иймд бид захиалгат ажил гүйцэтгэхээр ажил хайж, тендерт оролцохоор саналаа хүргүүлээд байгаа. Энэ тохиолдолд суудлуудаа авч, ачаа тээвэрлэнэ. Төр засгаас үндэсний тээвэрлэгч компаниа дэмжих цаг болсон" гэв. 

Тус компани улсын төсвөөс татаас авдаггүй. Өөрийн орлогоор үйл ажиллагаа явуулдаг юм байна.