Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах хүртэл УИХ, Засгийн газар тус асуудлаас өөр ямарч асуудал хэлэлцэхгүй байх хуультай

Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах хүртэл УИХ, Засгийн газар тус асуудлаас өөр ямарч асуудал хэлэлцэхгүй байх хуультай

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ сарын 6-ны өдөр /2019.06.06/ өргөн барьсан. МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн. Харин Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийг хэлэлцэхдээ ард нийтээс санал авах ёстой гэсэн байр, суурийг илэрхийлсэн билээ.

Энэ долоо хоногтоо багтаан Үндсэн хуулийн өөрчлөлтийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ, гэхдээ баталж амжихгүй нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ярианаас тодорхой боллоо.

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг дөрвөн хуулиар зохицуулагддаг учраас цаг хугацаа их орох аж.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн асуудлыг энэ долоо хоногоос хэлэлцээд хаврын чуулганаа хааж, ээлжит бусаар үргэлжлүүлж хуралдах шаардлага үүсч байгаа. Ард түмнээр хэлэлцүүлэхгүй, Их хурал хэлэлцэхэд л долдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэхээр байгаа юм. Ард нийтийн санал асуулга явуулбал ирэх аравдугаар сараас наашгүй болно” гэжээ.

Тэгэхээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг УИХ-аар наймдугаар сарыг хүртэл үргэлжилж мэдэхээр байна. Цаашлаад ард нийтээс санал асуулга авах хугацаатайгаа нийлээд дээрх хугацаа ирэх намрын чуулган хүртэл сунах нь тодорхой байна.

Үндсэн хуулийг хэлэлцэхтэй холбоотойгоор нэг асуудал анхаарал татаж байгаа нь, Үндсэн хуулийг хэлэлцэх явцад өөр ямар ч хуулийг хэлэлцдэггүй тухай юм.  

Хэрвээ өөр бусад хуулийг хэлэлцэхгүй бол хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр  төлөвлөсөн бүхий л хуулийн төслийг хэлэлцэхгүй намрын чуулган руу шилжүүлэх нь. Өнөөдрийн байдлаар УИХ хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон хуулийн төслийнхөө 50 хувийг ч хэлэлцэж чадаагүй байна. Тэгэхээр улс оронтой холбоотой чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэлгүй хойшлох вий гэх БОЛГООМЖЛОЛ бий болж эхлэв.

Өөр ганц ч хуулийн төсөл бус ганц Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл бус асуудал орхигдож мэдэх учраас үүнтэй холбоотой зохицуулалтыг зөвөөр хийх нь чухал юм.