Нэн ховорд тооцогддог цоохор ирвэсний арьсыг өндөр үнээр худалдахаар завджээ

Нэн ховорд тооцогддог цоохор ирвэсний арьсыг өндөр үнээр худалдахаар завджээ

Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсний гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүлсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэлгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирвэсний арьсыг худалдахыг завдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, Цоохор ирвэсний түүхий эд болох гурван ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Цоохор ирвэсийг харахаар гадаадын олон жуулчид Монголыг зорьдог ч тэр болгон харж чаддаггүй буцдаг аж.