УОК: Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ

УОК: Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдийн 68 нь ХӨСҮТ-д, 15 нь Цэргийн төв эмнэлэгт, хоёр нь Жаргалант сувилалд тусгаарлагдсан бөгөөд "Токио Инн" зочид буудалд 188 хүнийг байрлуулан тусгаарлажээ.

Өнгөрсөн тав хоногт 955 тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр дахин 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжих аж.

Мөн тусгаарлалтад байгаа иргэдээс хоолны мөнгөө төлөхгүй байх тохиодол гарч байгаа бөгөөд энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Тусгаарлагдаж байгаа иргэдийн тодорхой хувь нь төлбөрөө төлөөгүйн улмаас дараагийн хүмүүст хоолоор үйлчлэх боломжгүйд хүрч байна. Төлбөрөө төлөхөөс цааргалж байгаа хүмүүсийн мөнгийг улсаас даахгүй гэдгийг анхааруулъя” гэлээ.

Энэ үеэр  ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Тухайлбал, эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настан 271, жирэмсэн 32, орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378, оюутан  811 байна" гэлээ.

Түүнчлэн санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байгаа юм байна.