Их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой гомдол ихээр иржээ

Их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой гомдол ихээр иржээ

COVID-19 халдварын улмаас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн явдал чирэгдлийг багасгах, санал хүсэлт, гомдлыг шуурхай авч шийдвэрлэх, хариу өгөх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 1800-1209 тоот шуурхай утас болон [email protected] цахим хаягаар санал хүсэлт авч байгаа билээ.

Сар гаруйн хугацаанд нийт 395 өргөдөл, санал хүсэлт, гомдол ирсний дийлэнх хувь нь:

-Их, дээд сургуулийн цахим сургалтын чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг яамнаас нэгдсэн журмаар авч өгөх,

-Их дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах,

-Төлбөр төлөх хугацааг хойшлуулах,

-Боломжтой бол цахим сургалт явагдаж байгаатай холбоотой хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж шийдвэрлэх санал, хүсэлтүүд болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой лавлагаа мэдээлэл хүссэн байна.

Мөн хөл хорионы үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, теле хичээлийг чанартай зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн дуудлага цөөнгүй ирсэн аж.

Иргэдээс хүссэн лавлагаа мэдээлэлд шуурхай хариу өгөх, тодорхой санал шүүмжийг хариуцсан газар нэгжийн удирдлага болон яамны удирдлагад танилцуулж, хариу тайлбар мэдээлэл өгч байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.