Ерөнхийлөгч Х.Баттулгын асуулт “Сонгуульд оролцохгүй-Өгөхгүй” гэх хариултыг иргэд сонгоход чиглэж байна уу

Ерөнхийлөгч Х.Баттулгын асуулт “Сонгуульд оролцохгүй-Өгөхгүй” гэх хариултыг иргэд сонгоход чиглэж байна уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “коронавирусийн үеийг даван гарахын тулд эдийн засгаа хэмнэх хэрэгтэй. Үүний тулд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулах хэрэгтэй” гэх урилга гаргасан. 

Харин түүний энэхүү уриалгыг Ардчилсан нам эсэргүүцэж “хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдэл гаргасан. 

Учир нь 2020 оны УИХ, Орон нутгийн ээлжит сонгуулийг явуулахад 40 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Гэтэл ээлжит сонгуулиудын төсвөөс давсан, өндөр өртөгтэй зарим ажлууд эхлэхэд бэлэн болоод байгаа юм. Тухайлбал, Чингис хаан музей 54 тэрбум төгрөг, Дуурь бүжиг, Драмын театрын барилга 100 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй байгаа юм. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх ажлуудын төсвийг танах тухай урилгадаа онцолж дурдаагүй юм.

Харин МАН-ын зүгээс энэ асуудал дээр байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байгаа ч “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгын эсрэг байр суурьтай байгаа” гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ АСУУЛТ “СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ-ӨГӨХГҮЙ” ГЭХ ХАРИУЛТЫГ ИРГЭДИЙГ СОНГУУЛАХАД ЧИГЛЭСЭН ҮҮ-

Улс төрийн намуудаас Ерөнхийлөгч Х.Баттулгын урилга дэмжлэг авахгүй байгаа тул тэрээр тус асуудалд иргэдийг татаж оролцуулж, “иргэд сонгууль хойшлуулахыг дэмжиж байна” гэх асуудал дэвшүүлж улс төрөө үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны вэб хуудас дээр “Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү” гэсэн асуултаар иргэдээс санал авч эхэлжээ. 

Социологийн шинжлэх ухаанд иргэдээс санал асуулга авахдаа “асуулт нь аль нэг хариултыг шууд сонгоход чиглэж болохгүй” гэдэг байна. 

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлаар иргэдийн саналыг авч байгаа дээрх асуулт нь “Сонгуульд оролцохгүй-Өгөхгүй” гэх хариулт руу халдварын эрсдэл гэсэн үгээр айлгаж, иргэдийг чиглүүлж байна гэж зарим судлаачид шүүмжилж байна. 

-УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ӨӨРТӨӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА УУ-

Монгол улс бол парламентын засаглалтай улс. Учир нь манай улс нэг хүний засаглалтай байвал аль нэг улсын хараат болох эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Мөн зарим хэвлэлд мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай урилга нь төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн санаархал гэж хардахад хүргэжээ. 

Мөн зарим судлаачид “Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд (улс төрчид,иргэний нийгмийнхээ, чөлөөт хэвлэл гэх мэт)-ийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох өндөр эрсдэлтэй” гэж шүүмжилж байгаа ажээ.