Ч.Содномцэрэн: УИХ-аас сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргах хүртэл бид ажлаа хийнэ

Ч.Содномцэрэн: УИХ-аас сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргах хүртэл бид ажлаа хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулахтай холбоотойгоор иргэдээс “Саналаа өгөх үү” гэсэн санал асуулгыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү санал асуулгын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс товлон зарласан. Товлон зарласны дагуу СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Бэлтгэл ажлын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн явагдаж буй сургалтуудыг цахимаар хийсэн. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хэлэлцүүлэх гэж байна. Цаашид явагдах сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн" гэлээ. 

ТЭРБЭЭР МӨН 

Ерөнхийлөгчөөс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулаад СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзаж үүрэг даалгавар өглөө.

НЭГДҮГЭЭРТ, Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө яаралтай хэлэлцээд батлах хэрэгтэй

ХОЁРДУГААРТ, Эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүл. Болзошгүй үед яаж ажиллах юм. Халдваргүйжилт, эрүүл ахуйтай холбоотой цагт яаж саналаа авах юм. Санал авах байрыг нэмэгдүүл, иргэдийг олноор нь цуглуулахгүйн тулд холбогдож байгууллагын санал, зөвлөмжийг ав.

ГУРАВДУГААРТ, Болзошгүй эрсдэлээс үүдээд зардал яаж өөрчлөгдөхөөр байна гэдгийг судал гэсэн.

Үүнтэй холбоотойгоор бид Ерөнхийлөгчтэй уулзаж саналаа хэллээ.

СЕХ-ны хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Хуулиар сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл зохион байгуулалтын ажлаа хийгээд явна. Хууль тогтоох дээд байгууллагаас сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргавал бид мөрдөж л ажиллана.

СЕХ ирэх долоо хоногт хуралдаж болзошгүй ажлын төлөвлөгөөгөө гаргана. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагад хандана. Зохион байгуулалт, халдвар хамгаалалтын ажлаа сайн хийгээд сонгуулиа явуулна гэж бодож байна. Энэ жил гадагшаа ажиглагч явуулахгүй. Гадаадаас хүн авах эсэхээ ч ярилцаж байна гэсэн юм.