Давж заалдах шатны шүүх БРАВО

Давж заалдах шатны шүүх БРАВО

Уулын амыг хашчихаад өөрийн болгосон мэт аашилдаг эрхтэн, дархтнуудын өмнө төр хүчин мөхөстдөг жишээ цөөнгүй. Хамгийн наад зах нь л гэхэд Богд уул, Зайсан толгой орчмын тусгай хамгаалалттай газрыг хэдэн 10 гагаар нь тойруулж хашаа хатгачихаад газрын төлбөрөө төлдөггүй, орц, гарц гаргахгүй хав дарчихдаг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй.

1990 оноос эхлэн олгож эхэлсэн замбараагүй газар олголт, эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрийн “ач”-аар нийгмийн тэгш бус хуваарилалт бий болж, Зайсан, Богд уул орчимд өнөөдөр баячууд амьдардаг гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон. Угтаа бол тэнд хуулиараа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л үйлчилгээ үзүүлэх учиртай. Харамсалтай нь хэн нэгэн даргын үед авсан газартай аль нэгэн дарга барьцаж, гуйх үедээ гуйж, гуядах үедээ гуядаж газар авсаар өнөөдрийн байдалд хүрээд буй. Энэ асуудал үе үеийн Байгаль орчны сайд нарын толгойны өвчин болсоор өнөөдөртэй золгосон. Өмнө нь олгосон газрыг цуцлахаар хэн нэгэн даргын газар, танил ихтын газар байдаг учир байгаль орчны сайд нарын хувьд газар цуцлах асуудал нь толгойны өвчин болчихдог талтай. Өөрөөр хэлбэл Байгаль орчны сайд нар шүүхийн өмнө хүчгүйддэг гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд бугшсан олон асуудлын идээ бээрийг шахах ажлыг эхлүүлсний үр дүнд байгаль орчны салбарт нэлээд ахиц дэвшил гарч байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй нь лавтай. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан БОАЖЯ-ныхан өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уурхайн эхлэлийг тавихын зэрэгцээ дээрх жишгээр тэгш бусаар олгосон яамныхаа хамааралд байх газрын асуудлыг цэгцэлж эхэлсэн нь олны талархлыг хүртээд буй.

Тодруулбал, 2018, 2019 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан.

Мэдээж эрхтэн дархтнуудын эрх ашгийг хөндсөн сайдын тушаал, шийдвэр дургүйг нь хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч доромжлохоос эхлээд бишгүй л дайралтад өртнө. Ингээд ч бууж өгөхгүй бол газар ашиглах эрхээ цуцлуулагсад шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Яг энэ л эсэргүүцэлтэй дээрх тушаал шийдвэрүүд тулгарч, анхан шатны шүүхээс БОАЖ-ын сайдын тушаалыг хүчингүй болгодог.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн замбараагүй газар олголтын асуудлыг одоогийн төр засгийн удирдлагууд боломжоороо засах гэж оролдож байгаа дүр зураг ажиглагдаж байгаа нь сайшаалтай ч тушаалыг нь хүчингүй болгодог шүүх хэний талд үйлчилдэг вэ гэдэг хардлагад өртдөг. Харин сүүлийн үед хууль хяналтын байгууллагуудад шинэчлэлийн салхи сэвэлзэж, төрөөс хийж хэрэгжүүлэх гэж буй ажлыг дэмжих үзэгдэл ажиглагдаж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхээ цуцлуулаад байсан газрын төлбөр төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй байсан нэр бүхий компаниуд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын шийдвэрийг шүүхэд өгч, ялалт байгуулсан байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, төрийг ажлаа хийх боломжоор хангах ажлын эхлэлийг тавьсанд алга ташихаар яахав.

Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авчихаад төлбөрөө төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын толгойг шүүх, шүүгчид илж, газар ашиглах эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан сайдын тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргадаг цаг үүгээр өндөрлөвөл тэгш бус хуваарилалтыг засах гэж оролдож буй өнөөгийн төрийн үйлдэл ажил хэрэг болох нь дамжиггүй. Ямартай ч мөнгөний өмнө хүчин  мөхөстөж, хүчгүйд үйлчилдэг гэгддэг нэрнээсээ шүүх салж эхлэв бололтой. Bravo

Одоо зайсангийн амыг 20 жил бузарласан хөрөнгөтнүүд хуулийн өмнө бөхийнө гэдэгт итгэж байна.