ТОМИЛОЛТ: Бишкект болох ОХУ,  БНХАУ, МОНГОЛ гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг Х.Баттулга удирдана

ТОМИЛОЛТ: Бишкект болох ОХУ, БНХАУ, МОНГОЛ гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг Х.Баттулга удирдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдөр /2019.06.12/ эхэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Зам тээврийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Гансүх, Сүмогийн Их аварга Д.Дагвадорж тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

Айлчлал энэ сарын 14-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд хоёр тал албан ёсны хэлэлцээ хийлээ.

Мөн энэ өдрүүдэд тус улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын уулзалт болно. Ерөнхийлөгч тус уулзалтад оролцоно. Мөн энэ үеэр /2019.06.14/ ОХУ, БНХАУ, МОНГОЛ гурван улсын Ерөнхийлөгч уулзана.  Уг уулзалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга даргална гэж албанаас мэдэгдэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг тусгай үүргийн онгоцоор Киргиз улсын нийслэл Бишкек хотын Манас онгоцны буудалд тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев угтан авсан юм.

Үүний дараа тус улсын Ерөнхийлөгч

Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор хүлээн авсан.

-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ-

Өчигдөр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж байгаа дотор санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах, хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар ярилцав. Мөн бизнес уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг хоёр улсад харилцан зохион байгуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар аль, аль талдаа санаачилгатай ажиллахаар талууд санал нэгдсэн юм.

Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын жишгээр буюу дотоодын санхүүжилтээр, дотоодын ажиллах хүчинд тулгуурлан төмөр зам барьж, байгуулж байгаа төслийг Киргиз-Узбекистаны хооронд хэрэгжиж буй төмөр замын төсөлд хэрэгжүүлэх, үүний тулд төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцах бодолтой байгаа гэдгээ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков онцлон хэлсэн юм

Ингээд хоёр тал Цэргийн салбарт хамтран ажиллах тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд, Хамтын ажиллагааны тухай хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын протокол, боловсрол, аялал жуулчлал, оюуны өмч, архив, эрдэм шинжилгээний зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа.

-МАНАЙ УЛС КИРГИЗ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ БОЛЛОО-

Мөн энэ өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээсэн юм.

Уг ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэний дагуу Элчин сайдын яамны үйл ажиллагааг эхлүүлж байна.

Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байна гэж талууд үзэж байна.

БИШКЕК ХОТ

Т.ХУЛАНТАХЬ