Н.Ялагдашгүй: Яг зэрэг тээвэр хийж буй Оюутолгой компанийн жолооч нарыг ижилхэн тусгаарлахгүй байна

Н.Ялагдашгүй: Яг зэрэг тээвэр хийж буй Оюутолгой компанийн жолооч нарыг ижилхэн тусгаарлахгүй байна

Тээвэрчдийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, шийдвэр гаргагчдаас нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж, жолооч нарын ажиллах нөхцөлд анхаарахыг хүслээ.

Энэ үеэр Тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга Н.Ялагдашгүй “Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор тээвэрчид маш өндөр дэглэм, хараа хяналт, халдваргүйтгэлийн дор тээвэрлэлт хийж байгаа.

Тэр ч утгаараа хилийн таталтаар энэ өвчнөөс сэргийлэхээр хэд хэдэн зохицуулалтыг төр засгаас хийсний нэг нь тээвэрчдийг хэнтэй ч харилцахгүй байхаар кабинд нь тусгаарлах явдал юм.

Хэрвээ кабинаас буух юм бол 14-21 хоног тусгаарлана гэж гарын үсэг зуруулсан.Бүдүүлгээр хэлэхэд, тэд усанд ч орж чадахгүйгээс болж бөөстөх нь. Наад зах нь цэвэр усны хэрэглээний хомсдолд орж байна.

Сайд, дарга нар нүүрс тээвэр, өвчин л гэж яриад байхаас биш тэр автомашин дотор нь хүн байна гэж тоохгүй юм. Тэр дотор амьд хүн байгааг ойлгомоор байна. Түүнээс гадна ийм хүнд нөхцөлд ажиллаад бүтэн сар машинаасаа буугаагүй жолооч нар Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу 7-14 хоног гэртээ очиж, амрах ёстой.

Гэтэл хил хоорондын тээвэр хийсэн гээд бүгдийг нь 14 хоног тусгаарлаж байна. Тахал өвчинтэй тэмцэхийн тулд хүн бүрийг тусгаарлаж байгааг маш сайн ойлгож байна.

Гол бухимдалтай байгаа зүйл нь, яг адилхан замаар, зэргэлдээ хашаанд ачаагаа буулгаад тээвэр хийж буй Оюутолгой компанийн жолооч нарыг огт ингэж тусгаарлахгүй байна. Өөрөөр хэлбэл, нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарыг тусгаарлаж, баяжмал зөөж байгаа жолооч нарыг тусгаарлахгүй ялгавартай хандаж байна.

Мөн манай улсад түргэвчилсэн оношлуур хангалттай байгаа гэж ярьж байж Цагаан хад дээр ажиллаж байгаа жолооч нарыг тэр оношлуураараа оношлоод сэжигтэй байвал тусгаарламаар байна. Тээвэрчдийн нөхцөл байдал одоо үнэхээр хурцадмал байна" гэлээ.

Мөн энэ үеэр "Баянзам" тээвэрчдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү “Одоогоор яг 250 автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна. Эдгээрээс өдөрт хамгийн ихээр бодоход 150 машин хилээр гарч байна.

Гэтэл цаана нь 750 машин хоригоос хойш одоо болтол нүүрсээ ачсан чигтээ гаалийн хашааны гадаа зогсож байгаа. Одоо тэр машины жолооч нар бүгдээрээ ажилгүй байна. Тиймээс энэ машины тоог бага багаар нэмж, хилийн таталтын цагийн хуваарийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.

Мөн 230 километрт тээвэрлэлт хийдэг монгол жолооч нарын хөлс километр нь 55 юань буюу 20 мянган төгрөгт ч хүрэхгүй бодогдож байна. Гэтэл богинын рейс нь 80 гаруй юаниар үнэлэгдэж байна. Энэ тэгш бус системийг бид арилгахаар тэмцэж байгаа бөгөөд энэ хүрээнд 21 аймгийн тээвэрчдээс гарын үсэг цуглуулж байна.

Одоогоор 3,000 гаруй тээвэрчин гарын үсэг зурсан. Хэрвээ уртын тээвэрлэлтийн хөлсийг 80 мянган төгрөгөөс илүү болгохгүй илүү болгох хүртэл жагсахад ч бэлэн байна” гэв.