Дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгаагаа хэвлүүлсэн оюутан А.Ариундэлгэртэй ярилцлаа

Дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгаагаа хэвлүүлсэн оюутан А.Ариундэлгэртэй ярилцлаа

МУИС-ийн ХШУИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи” хөтөлбөрийн IV түвшний оюутан А.Ариундэлгэр нэг жилийн хугацаанд агаарын бохирдол, тоосонцроос хувь хүний өртөх өртөлтийн судалгааг хийжээ.

-ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГҮҮЛД БАКАЛАВРЫН
ТҮВШНИЙ ОЮУТАН СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛЭЭ
ХЭВЛҮҮЛСЭН НЬ ХОВОР-

Тэрээр энэхүү судалгааны ажлаа Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдийг чанараар нь эрэмбэлдэг “Web of Science”, Scopus зэрэг байгууллагын өндөр үнэлгээт  “International Journal of Environmental Research and Public Health” нэртэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн нь бакалаврын түвшний оюутан судалгааны ажлаа олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн цөөн тохиолдлын нэг болсон юм.

Уг судалгаа нь МУИС-ийн дэд профессор Ч.Сономдагвын удирдаж буй судалгааны багийн агаар, орчны бохирдол, тэр дундаа тоосонцрыг Монгол орны хот суурингуудад тогтмол хэмжиж, найрлага бүрэлдэхүүнийг тодорхойлж байгаагаас гадна явуулын буюу хувь хүн дээр тулгуурласан хэмжилт судалгааны ажлын нэг хэсэг юм. Судалгаанд Япон Улсын Нагояа Их сургуулийн зохион бүтээсэн орчин үеийн, ухаалаг, РМ 2.5 хэмжигч багажийг ашигласан аж.

Бүтэн нэг жилийн хугацаанд дээрх багажийг биедээ авч яван агаарын чанарын талаар судалгаа хийсэн А.Ариундэлгэртэй уулзаж судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.

-ХҮН АМЬДРАЛЫНХАА 90 ОРЧИМ ХУВИЙГ ДОТООД ОРЧИНД
ӨНГӨРҮҮЛДЭГ ГЭСЭН СУДАЛГАА БИЙ-

Бидэнд судалгааны ажлаа хэрхэн эхэлсэн талаар хуваалцаач?

Анх хоёрдугаар курст байхдаа МУИС-ын сайтаас судалгааны удирдагч  багш Ч.Содномдагвын “судлаач оюутан авна” гэсэн зарыг хараад өөрийн хүсэлтээр судалгааны багт орж ажилласан. Манай багш агаар, хөрсний судалгааг олон жил хийсэн туршлагатай хүн. 2018 оны аравдугаар сараас эхлэн 2019 он дуустал хэмжигч багажаа тасралтгүй зүүж анализ, дүн шинжилгээ, боловсруулалт хийгээд энэ оны нэгдүгээр сард дууссан . Энэ судалгаа нь дотоод орчин дахь PM 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцорт хувь хүний өртөх өртөлтийг тодорхойлсон. Улаанбаатар хотод байрлуулсан суурин хэмжигч багажийн мэдээгээр хувь хүний өртөлтийг тодорхойлох нь учир дутагдалтай гэж үздэг учраас биедээ байнга агаарын чанар мэдрэгчээ зүүж судалгаагаа хийсэн.

PM 2.5 гэдэг нь агаар дахь нарийн ширхэглэг тоосонцор гэсэн үг. Тоосонцор нь агаарт маш жижиг хэмжээтэй шингэн болон хатуу биет байдлаар оршдог. Эх үүсвэр нь гэр хорооллын утаа, ДСЦ, автомашин зэргээс гарч ирдэг. Хүний биед хортой зүйл. Хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх түвшин нь Монгол улсын хувьд 24 цагийн дундаж нь 50 мкг/м3, жилийн дундаж нь 25 мкг/м3 байдаг. ДЭМБ-с гаргасан энэ үзүүлэлтийн стандарт хэмжээ нь монголынхоос хоёр дахин бага байдаг.

Манайд ийм төрлийн судалгаа өмнө нь хийгдэж байсан уу? Танай хийсэн судалгааны онцлог нь юу вэ?

Манай улсад яг энэ чиглэлийн судалгаа өмнө нь маш ховор хийгдсэн байдаг. Миний хийсэн судалгааны гол онцлог нь гэр, сургууль, автобус, үйлчилгээний газар гэх мэт бичил орчны судалгаа буюу дотоод орчны агаар дахь PM 2.5-ыг тодорхойлсон. Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа ч бий тийм учраас ач холбогдолтой гэж бодсон.

Судалгааг хийхэд ашигласан төхөөрөмж яаж ажилладаг юм бол, ямар нэг хүндрэл гарсан уу?

PM 2,5 хэмжигч төхөөрөмжөө гар утастайгаа холбоод үзүүлэлтүүдийг шууд харж болдог. Одоогоор жил орчим хугацаанд судалгаа хийсэн тоон мэдээлэл утсан дээр бий. Харин би өөрөө явсан байршлаа тэмдэглээд явдаг. Ингээд бодож нийлүүлээд хариуг нь гаргасан. Усанд орох, унтах үедээ өөртөө хамгийн ойрхон хэсэгт тавьдаг.  Олон нийтийн газраар авч явах нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Эвдлэх гэх мэт эрсдэлд ордог учраас тэр.

Судалгааны үр дүнгийн талаар танилцуулаач, бид хэр зэрэг бохирдол дунд амьдарч байна вэ?

Тухайн орчинд өнгөрүүлсэн цаг болон PM 2,5-ын үзүүлэлтээс шалтгаалж хүн бохирдолд өртөх нь янз бүр байна. Хүний бохирдолд өртөх хугацаа нь хамгийн багадаа хоёр цаг байдаг. Жишээ нь манай судалгааны үзүүлэлтээр өвлийн улиралд хоолны газрын PM 2,5-ын хэмжээ 55,7 мкг/м3 гарсан нь бичил орчин дундаасаа хамгийн өндөр үзүүлэлт болсон. Гэхдээ хүн хоолны газарт дунджаар 30-40 минут байдаг учир энэ үзүүлэлт нь тийм аюултай биш. Үүний дараагаар нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус 42,8 мкг/м3 үзүүлэлттэй гарсан. Өвлийн улиралд харьцангуй өндөр үзүүлэлтүүд гарч байсан. Сансарт байдаг гэрээсээ сургуульд хүрэх замд PM 2,5 нь 250 мкг/м3 гарсан нь гадаад орчин дахь хамгийн их үзүүлэлт байсан. Замын хажуугаар хог шүүрдэхэд 500 мкг/м3 хүрэх тохиолдол ч гарсан. Дотоод орчинд хүлцэх агууламжаас хэтрэх тохиолдол нь гэрээ цэвэрлэх, шинэ засварласан байшин зэрэгт ажиглагдаж байсан.

-НАРИЙН ШИРХЭГТЭЙ ТООСОНЦОР НЬ ХҮНИЙ БИЕД ХОРТ
ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ-

Судалгааны үр дүнг нэгтгэж үзэхэд ямар нэг ноцтой үзүүлэлт гарсан уу?

Судалгааны 95 орчим хувь нь бичил орчин буюу дотоод орчинд явагдсан учраас кино театр, эмнэлэг гэх мэт олон газраар явахад Монгол улсын стандартаас давсан үзүүлэлт бараг гараагүй. Сараар нь харьцуулсан график гаргахад зуны улиралд буурч, намраас эхлэн өссөн дүр зураг гарсан. Мөн шөнийн үзүүлэлт өдрийнхөөс бага байсан. Энэ нь гадаад орчны суурин хэмжилтийн үзүүлэлттэй ижил зүй тогтолтой байсан. Зун Говиор явахад 1200 мкг/м3 орчим гарсан. Энэ нь манай багажны бараг дээд үзүүлэлтэд хүрсэн.

Бид эрүүл агаарт гарах зорилгоор хотын урагш хэсэгт буюу Зайсанд очдог. Тэр хэсгийн агаарыг хэмжиж үзсэн үү?

Миний хувьд гадаад орчны шинжилгээ бараг хийгээгүй. Гэхдээ манай судалгааны баг хэд хэдэн байршилд хэмжигч багаж байршуулан дөрвөн жилийн хугацаанд хэмжилт хийж байгаа. Үүний нэг нь Зайсанд байдаг. Хэмжигч багажны үзүүлэлтээр харахад МУИС, 3-р сургууль орчим, Гандангийн дэнжийн ойролцоох агаартай ижил хэмжээний үзүүлэлттэй гарсан байдаг. Нэг их илүү цэвэрхэн агаар бол байхгүй. Өөрөө гардаж хийгээгүй учраас нарийн мэдээллийг нь хэлэх боломжгүй байна.

Нарийн ширхэгт тоосонцор хүний биед ямар хор хөнөөлтэй вэ?

Тоосонцор хүний биед орж л байгаа бол маш нарийн ширхэгтэй учраас уушгины цулцанд хүрэх чадвартай байдаг. Цаашлаад уушгины хатгалгаа, зүрх судасны өвчин, хорт хавдар гэх мэт өвчний эх үүсвэр болж байдаг. Тиймээс орж л байгаа бол хортой. Бид ихэнх цагаа дотоод орчинд өнгөрүүлж байгаа учраас гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, ургамал тарих нь чухал. Эсрэгээрээ агааржуулагч, үнэртэй ус зэргийг цацахад тоосонцрууд ихээр ялгардаг.

Цаашдаа судалгаагаа үргэлжлүүлэх үү?

Багажны хүртээмжээс хамааран энэ судалгаа маань ганцхан над дээр хийгдсэн. Зөвхөн нэг оюутан дээр хийсэн судалгаа бол хангалттай болсон. Багаж хүрэлцээтэй байвал өөр өөр байршилд гадаа ажилладаг цагдаа гэх мэт хүмүүсийг судлах бодолтой байна. Ажил мэргэжлээс шалтгаалан хүний өртөх хувийг тооцоолон үнэлэлт дүгнэлт гаргаж болох юм.

Ярилцсанд баярлалаа.

Түүний хийсэн судалгааны ажилтай танилцахыг хүсвэл энд дарна уу.