Сүгсэлзүүр даргатай Чингэлтэй дүүргийн иргэд нэг өдөр гэртээ хоригдож, туршилтад орно

Сүгсэлзүүр даргатай Чингэлтэй дүүргийн иргэд нэг өдөр гэртээ хоригдож, туршилтад орно

Саяхан Чингэлтэй дүүргийн хилийн цэсийг засаг дарга нь эргэсэн тухай хачирхалтай мэдээ гарсан. Тодруулбал тус дүүргийн шинэхэн засаг дарга Н.Батсүмбэрэл дүрэмт хувцас өмсөж, тийм хувцсаар дагалдан яваа хүмүүсээ жигдлээд “Дүүргийн хилийн цэс”-ийг эргэлээ гэж мэдэгдсэн юм. 

Тусгаар улсын удирдагч аятай “хилийн цэсээ эргэв” гэж мэдэгдээд тэрээр сошиалд багагүй шүүмжлэлд өртсөн. Тухайлбал, “Исламын Бүгд Найрамдах Чингэлтэй дүүргийн салан тусгаарлагчид хилийн зурвас дээрээ” хэмээн шоолох нэгэн ч байсан юм. Товчхондоо, Дүүргийн засаг даргад хилийн цэс эргэх нь тийм ч чухал ажил биш байлтай. 

Тэрээр энэхүү үйлдлээс гадна Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д согтуу ирсэн төлөөлөгчдийн тоонд багтаж байсан нэгэн. Тухайн үед түүнээс сэтгүүлч “Та эрүүл гэдгээ яаж батлах вэ? Хэл яриа чинь их өөр байна” гэж асуухад тэрээр “би ядарсан байж байна. Өдөр шөнөгүй хуралд сууж байна” гэж тайлбарлаж байсан нэгэн.  Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Н.Батсүмбэрэл гэж нэг хийтэй эр, мэдлэг боловсролоор олон сайшаагдаж байгаагүй ч сүржин, сүгсэлзүүр зангаараа олонд шүүмжлүүлж байсан, нам дагадаг гол төлөөлөгчдийн нэгэн. 

Тэрээр МАН-ын байранд хэвлэлийн хурал хийж “нийслэлд хууль бусаар олгосон газруудыг цуцлахын төлөө манай нам анхааран ажиллана. Бидний авсан мэдээллээр АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулж байгаа юм билээ” гэж мэдэгдэх үеэрээ “Тунгалаг тамир” киноны улаан хувьсгалчтай адил биеийн хэлэмж харуулж байна гэж шүүмжлэх нэгэн ч байсан юм. Ийм л нэг сүгсэлзүүр нөхөр Чингэлтэй дүүргийг удирдаж байна. 

-СҮГСЭЛЗҮҮР ЗАСАГ ДАРГА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН АЖЛЫН НЭГ ӨДӨР ХАШИЖ, ТУРШИЛТ ХИЙНЭ-

Тэгвэл Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн сүгсэлзүүр засаг дарга Н.Батсүмбэрэлийн “Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/279 дугаар захирамжийн дагуу энэ долоо хоногт буюу энэ сарын 6-8 ны өдрүүдэд коронавирусийн цар тахлын үеийн дадлага сургуулилтыг Чингэлтэй дүүрэгт хийхээр болжээ. 

Энэ үеэр буюу ирэх Пүрэв гарагт /2020.05.07/ 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэг рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, тус дүүргийн иргэд ч гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх ажээ. 

Мөн энэ хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Нийслэлийн томоохон дүүрэг, гол автозам, эмнэлэг, шүүх гээд төрийн гол үйлчилгээ төвлөрдөг тус дүүрэгт ажлын чухал өдөр бүтэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг нь ийнхүү хаах ажээ. Тэр өдрүүдэд хотын автозам болон бусад үйлчилгээ гээд иргэдэд нэлээдгүй чирэгдэл ойлгомжгүй байдал үүснэ. Уг нь сүүлийн гурван сарын хугацаанд коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох, өөрсдийгөө хэрхэн хамгаалах асуудал дээр нийслэлчүүд Дүүргийн нэг сүгсэлзүүр засаг даргаар заалгалтгүй дадлагажсан байлтай.