Үндсэн хуулийг өөрчилбөл Ерөнхийлөгч шиг эрх мэдэлтэй АЙМАГ, ДҮҮРЭГ, СУМ-ын засаг даргатай болно

Үндсэн хуулийг өөрчилбөл Ерөнхийлөгч шиг эрх мэдэлтэй АЙМАГ, ДҮҮРЭГ, СУМ-ын засаг даргатай болно

Бүтэн 16 жил, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа "эцэг" хуулийг өөрчлөх асуудал үеийн үед улстөрчдийн дунд маргаан дагуулсаар ирсэн. Гэтэл эрх баригч нам энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэхээр эрс шулдууджээ.

Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан гэдгийг ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав.

Тодруулбал,

  1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
  2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
  3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
  4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийгхамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа гээд энэ дөрвөн багц асуудлын хүрээнд төсөлд тусгагдсан зүйл, заалтуудыг гишүүдэд танилцуулсан юм.

Үндсэн хуульд орж буй өөрчлөлтөд хэд хэдэн асуудал байгааг зарим гишүүд шүүмжлэн хэлж байнх. Тухайлбал,

Нэгдүгээрт,

/Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулжээ./

Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэхээр тусгагдсан дээрх заалтыг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд тусгажээ. Тус заалт нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Эмэгтэй хүний ажил хөдөлмөр эрхлээд тэтгэвэрт гарах насыг 55 хэмээн хязгаарласан байдаг. Гэтэл үндсэн хуулийн төслөөр ерөнхийлөгчөөр  сонгогдох хүн 55 настай байж болно гэдэг нь эмэгтэйчүүдийн сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж, эрхийг нь боомилсон явдал гэж үзэж буй юм. Мөн Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг сонгохоор цикл нь явж байгаад УИХ-тай нэг жил нэг сонгууль болж таарах нь. Үүнийг яаж зохицуулах эсэх нь тодорхой бус байна.

Ерөнхийлөгч нь Шүүгчдийг шилж олдог ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүнийг томилох, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх гэх мэт маш олон бүрэн эрхтэй байсныг бүгдийг нь хасч, эрх мэдлийг нь хумьжээ.

Хоёрдугаарт,

Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг мөн л есөн жилийн хугацаатай нэг л удаа томилох бөгөөд улирч ажиллана гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 10 байх бөгөөд дөрвөн жилийн хугацаанд мөн л нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах юм. Шүүгчийн нэр хүндийг өсгөх, шүүгчдийг хариуцлагатай байлгах үүднээс есөн хүний бүрэлдэхүүнтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөл ажиллуулах асуудлыг Үндсэн хуульд тусгаж өгөх бөгөөд тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн салбарын эрдэмтэн, гурав нь иргэний төлөөлөл байх юм. Тэд дундаасаа тэргүүнээ сонгоно хэмээн өөрчилжээ.

Цэцийн олон гишүүн 2-4 удаа томилогдож байсан нь эргэлзээ төрүүлдэг байсан. Улс төрчид энэ хугацаанд чих зөөлөнтэй хүмүүсээр цэцийг дүүргэдэг байсан тул хугацааг есөн жил болгон сунгаж байгаа гэж хэлж буй ч хэт урт хугацаа гэж зарим хуульчид үзэж буй. Энэ нь хууль хяналтын байгууллагад нэг хүн бүтэн арван жил ноёлдог болох, ховхорч өгөхгүй сандал ширээтэй зууралддаг тогтолцоог бий болгох гэж байна гэх шүүмжлэлд өртөөд байна.

Гуравдугаарт,

/Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор тусгалаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгасан гэдгийг танилцуулав./

Ялсан намын тогтолцоо орон нутгийн шат дамжлага бүрт хэрэгжиж, хэний нам ялснаас шалтгаалж, хэн ажилтай байх нь шийдэгддэг орон нутгийн буруу тогтолцоог халах талаар олон заалт шинэчлэн орууллаа хэмээж буй. Сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор хуулийн төсөлд оруулсан гэв. Иргэдээс томилогдсон Засаг дарга харин баг, хорооны Засаг даргаа томилно. Харин аймаг, нийслэлийн Засаг даргыг НИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилох аж.

Тэгэхээр 2000 хүн амтай сум, 20 мянган хүн амтай дүүргийн засаг дарга нарыг адилхан иргэд нь сонгох нь ямар ч ойлгомжгүй зүйл. Газар тэнгэр шиг тооны хол зөрүүтэй иргэдээс сонгогдож гарч ирсэн хүмүүс “намайг иргэд сонгосон учир хэн ч яаж чадахгүй гэх маягаар Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй юм шиг хандлага гаргах” магадлал хамгийн түрүүнд ажиглагдаж байна. Мөн дүүрэг гэж ямар байгууллага вэ, сум гэж ямар статустай байгууллага вэ гэдгийг санах хэрэгтэй. Учир нь дүүргийн статустай хотууд манайд бий. Хот тосгон хоёр янзын статустай. Эндээс үүдээд томилгооны асуудлыг хоёр янзаар шийдэх ёстой. Гэсэн атлаа дүүргийн Засаг даргыг хугацаанаас нь огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно гэж хуулийн төсөлд мөн заажээ. Иргэдээс сонгосон Засаг даргыг дээд шатны удирдах албан тушаалтан чөлөөлдөг байх ёсгүй. Иймд нутгийг удирдлага дээр онохгүй байгаа зүйл олон ажиглагдаж байна.

Дөрөвдүгээрт,

УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан зарим шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Тухайлбал, “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын их хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна, 10.1.3-д зааснаар  төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын санал авсан байх” гэж заасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуульд заасан журмын дагуу санал аваагүй нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт журмын тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаагүй байна.

Тавдугаарт,

Дэгийн тухай хуулийн 53.5 зааснаар эцсийн найруулга уншиж, УИХ-ын даргын ёсчилсон хуулийг 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэх, 53.6- Ерөнхийлөгчийн тамгын газар хүлээж авснаас ажлын тав хоногийн дотор хориг тавих эсэхээ шийдвэрлэх талаар зохицуулжээ. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавих эсэх талаар шийд гараагүй байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэж эхэлсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал болоод байгаа юм.

Үндсэн хуульд оруулж буй энэ удаагийн  нэмэлт өөрчлөлтийн мөн чанар нь шинээр  зүйл заалт оруулахаасаа илүүтэй  байгаагаа сайжруулж боловсронгуй болгохыг чухалчилсан бөгөөд  иргэдийн зүгээс 70-аас дээш хувийн санал авсан асуудлуудыг  оруулж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.

Гэвч эцэг хуулийн 28 хувьд нь өөрчлөлт орж байгаа гэдгийг хуульч, судлаачид хэлж байгаа билээ. Мөн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл”-ийн 59.4 хувьд нь том алдаа байгааг сануулж байна. Нөгөө талаар нэг намын ашиг сонирхлоор үндсэн хууль хөндөгдлөө гэх шүүмжлэл ч дагуулаад байгаа.