Австралид граффити урлагаар гайхагдаж буй Heesco буюу Х.Хоснарантай ярилцлаа

Австралид граффити урлагаар гайхагдаж буй Heesco буюу Х.Хоснарантай ярилцлаа

Граффити буюу гудамжны урлаг сонирхогчдын дунд хэдийнээ танил болсон авьяаслаг нэгэн бол Heesco буюу Х.Хоснаран. Тэрээр Австрали улсын Мельбурн хотод амьдардаг бөгөөд өвөрмөц хэв маяг, давтагдашгүй бүтээлүүдээрээ гадныханд танигдаж бас үнэлэгдэж яваа.

“Шуудангийн маркийн хэмжээтэй зургийг хоёр давхар байшин дээр нарийн хөрвүүлэх чадвар нь биднийг гайхшруулсан. Heesco гар утсан дээрх дүрсийг аварга том гадаргуу дээр шууд дамжуулах гайхалтай чадвартай” хэмээн гадныхан түүнийг үнэлдэг. Саяхан Австрали улсын Yarram хэмээх хотод очиж арван ханан дээр бүтээлээ урласан нь “Heesco town” хэмээн нэрлэгджээ. Ингээд түүний өнгөлөг ертөнцөөр хамтдаа аялацгаая.

 “УХААН ОРСОН ЦАГААСАА Л ЗУРАХ ДУРТАЙ ХҮҮХЭД БАЙСАН”

-Сайн байна уу? Эхлээд уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн. Сайн байна уу. Намайг Хүрэлбаатарын Хоснаран гэдэг. Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Ээж аав маань тэнд амралтанд явж байхдаа намайг төрүүлсэн гэж ярьдаг. Тэрнээс биш Улаанбаатар хотод өссөн. Одоогоор Австрали улсын Виктория мужийн Мельбурн хотод эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Хоёр охины мааны нэг нь 4 настай, нөгөө нь 7 настай.

-Багаасаа л зурах дуртай байв уу? Ер нь граффити буюу гудамжны урлагийг хэзээнээс сонирхож эхлэсэн бэ?

-Тийм ээ, багаасаа л зурах дуртай хүүхэд байсан. Гэхдээ граффити хийнэ гэж ер төсөөлж байгаагүй. Зурсаар л байгаад л нэг мэдэхэд ийм юм хийдэг хүн болчихсон. Яг граффити буюу гудамжны урлагийг анх 2005 оноос илүү сонирхож эхэлсэн. Тэрнээс өмнө өөр стилээр зурдаг байсан. Ер нь бол ухаан орсон цагаасаа л зурах дуртай хүүхэд байсан даа.

-Ямар мэргэжилтэй вэ? Энэ чиглэлээр сурсан уу?

-Сидней хотын “Урлагийн их сургууль”-д контемпорари арт чиглэлээр суралцаж төгссөн. Ер нь бол уран зураач мэргэжилтэй. Граффити гэдэг урлагийг сургуульд заадаггүй. Өөрөө зурж байж л сурдаг зүйл юм.

-Таны бүтээлүүд ер нь хэзээнээс олонд танигдаж эхлэсэн бэ?

-Ер нь бол 2011 оноос хойш Австралид тодорхой хэмжээгээр танигдаж эхэлсэн. Монголд бол 2012 онд очиж анхныхаа томоохон бүтээлээ зурж байсан.  Тэрнээс хойш жил болгон л очиж зурдаг. Ер нь бол бага багаар л хүмүүс мэдэж эхэлж байгаа байх даа.

-Монголд 2012 онд анх хаана зурж байсан бэ? Ер нь таны бүтээлүүд Монголд хаана хаана байдаг вэ?

-Зарим нь одоо ховхорч унаад байхгүй болсон байсан. 2012 онд СУИС-ийн харьяа Урлагийн боловсролын их сургуулийн хашаанд зурж байсан. 2018 онд 13-р хороололын дунд зам дээр байдаг орон сууцны машины зогсоол дээр сур харваж байгаа эмэгтэйн зураг, мөн нарны замын дагуу бас зурж байсан. Одоо байгаа үгүйг нь сайн мэдэхгүй л байна. Бас “Гандан view”-ийн гадаа зурж байснаас гадна Баянхошуунд байдаг “Ид шидийн орон”-ы барилга дээр хүүхдүүдэд зориулж зурж байсан. Өнгөрсөн жил 9 сарын үед “Солонгон бүрхүүл” гээд төслийн дагуу гэр хорооллын худагнууд дээр монголынхоо зурдаг залуучуудтай хамтраад зурж байсан. Түүнээс гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгүүд дээр нь очиж зурсан. Саяхан Оюутолгойн “Босоо ам 2” гээд 50 гаруй метр ханан дээр 3 туслах зураачтай хамтарч зурлаа.  

-Бүтээлүүдийнхээ санааг ихэвчлэн хаанаас олдог вэ?

-Ер нь бол хүрээлэн буй орчин, нийгэм, урлаг соёл, аж амьдрал гээд юунаас л бол юунаас санаа гарч ирч болно л доо. Би захиалгаар их зурдаг болохоор захиалагчдаас зарим зүйлс хамаарна. Дээр нь миний сонирхол, мэдрэмж зэрэг нөлөөлнө.

-Одоо ойролцоогоор хичнээн тооны бүтээлтэй болсон бэ? Хаана хаана бүтээлээ зурж үлдээв?

-Яг үнэндээ зурсан хананы тоо алдагдсан. Хэдэн зуугаар нь л зурсан. Одоогоор Монгол, Орос, Швед, Нью-Йорк, Мексик, Австрали гээд орнуудад очиж зурсан байна. Ер нь Европ, Азиар явж зурах төлөвлөөгөөтэй байгаа. Одоогоор вируснээс болоод зогсчихоод л байна.

-Ер нь бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Өөрийгөө л илэрхийлдэг. Бас нийгмийн асуудлыг хөнддөг. Сүүлийн үед захиалгаасаа гадна хүүхдүүдэд илүү хүрсэн бүтээл хийхийг зорьж байна.

-УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙХЭЭ ХУВЬД “ТӨГС” ГЭДЭГ ОЙЛГОЛТ РУУ
ҮРГЭЛЖ ТЭМҮҮЛЖ АМЬДАРДАГ

-Таны бүтээлүүд дотроос өөрийн тань хувьд хамгийн онцлог гэж хэлж болохоор ямар бүтээлүүд байна?

-Хэд хэдэн бүтээл байгаа л даа. Түүний дотроос монгол үзэгчдэд илүү их хүрсэн бүтээл бол  Виктория их сургуулийн ханан дээр зурсан улаан дээлтэй монгол хатны зураг гэж хэлж болно. Тэр зурагны гол онцлог нь яг өөрийнхөө оригиналь дизайнаа боловсруулаад тийм том ханан дээр зурах боломж олдож байсан анхны тохиолдол. Тэр утгаараа дурсгалтай, бас олон хүнд хүрсэн бүтээл болсон.

-Ер нь бүтээл болгоноо хэр хугацаанд зурж дуусгадаг вэ?

-Аль болох хурдан дуусгахыг хичээдэг. Зурах гэж буй бүтээлийнхээ санаа, төсөөлөл, мэдрэмж зэргээ мартахаасаа өмнө, яг оюун санаанд минь тод төсөөлөгдөж байгаа үедээ зураад, хурдан гараасаа гаргахыг хичээдэг л дээ. Угаасаа шүршдэг будагийн гол онцлог нь хурд байдаг. Будагаа хатахыг хүлээлгүй дор дор нь засаад, зураад явдаг онцлогтой.

“ГРАФФИТИ УРЛАГ МӨНХИЙН БҮТЭЭЛ БИШ УЧРААС ЗААВАЛ
ТӨГС БАЙХ ШААРДЛАГАГҮЙ”

-Уран бүтээлч хүний хувьд бүтээлээ дуусгачихаад санаанд тань хүрдэггүй ч юмуу эсвэл “энэ хэсгийг ингээд зурчих байж дээ” гэдэг ч юмуу тийм бодол төрдөг байх? Эсвэл бүх бүтээлээ төгс боллоо гэж хардаг уу? Миний хувьд бүгд л төгс харагдаж байна.

-Зураг болгоноо бол төгс боллоо гэж ер нь хардаггүй л дээ. Аль болох төгс бүтээл гаргахыг, төгс болгож дуусгахыг эрмэлздэг. Гэхдээ заримдаа “төгс” гэдэг зүйл байх ёсгүй ч юм шиг санагддаг. Харин үргэлж төгс гэдэг ойлголт руу зорьж, тэмүүлж байх ёстой. Ингэж байж илүү чанартай уран бүтээл бий болдог. Зураач хүн үргэлж өөрийгөө сайжруулж, чадваржуулж байх хэрэгтэй. Тэр ч утгаараа уран бүтээлээ 100 хувь төгс дуусгалаа гэсэн тохиолдол маш ховор. Олон нийтийн ханан дээр зурж байгаа гэдэг утгаараа бусад урлагийн хэлбэрээс өөр л дөө. Гадаа байгаа хана нурж унаж болно, өөр хүн дараад зурж болно. Мөн нар салхинд гандсаар ховхороод унаж ч болно. Тийм ч учраас үүрд мөнхийн бүтээл биш гэдэг утгаараа надад эрх чөлөөг өгдөг. Бас нөгөө талаасаа 100 хувь төгс байх шаардлагагүй. Төгс зүйл гэж урлагт ер нь байдаггүй. Харж байгаа хүний мэдрэмж, сэтгэл зүйгээс л шалтгаалдаг.

-Мэдээж зурах болгондоо илүү сайжирч, хөгждөг байх?

-Тийм шүү. Өдөр бүр зурж, дадал хэвшил болгож байж л өндөр түвшинд хүрдэг.

-Хамгийн анхны томоохон бүтээл тань юу вэ? Хаана, ямар төрлийн зураг зурж байсан бэ?

-Анх Мельбурн хотод хоёр давхар байшин дээр, өргөдөг краны тусламжтайгаар зурж байсан. Тэр ажлаар дамжуулж маш их зүйл сурч байсан. Маш энгийн дизайнтай зураг байсан  ч би алдаа гаргахгүйг их хичээж зурж байсан санагддаг. Тиймэрхүү бүх зүйлээ гаргаж, хичээж зурсан бүтээл огт санаанаас гардаггүй л дээ.

-Зураг гэдэг хүний сэтгэлзүйд их хүчтэй нөлөөлдөг л дөө. Таны хувьд уран бүтээл болгоноосоо авах мэдрэмж өөр байдаг байх? Ер нь өөрийнхөө зурагнаасаа юу мэдэрдэг вэ?

-Хана болгон байршлаасаа хамаараад өөр мэдрэмж төрүүлдэг л дээ. Тухайн хана байрлаж байгаа орчин, мөн тэнд амьдардаг иргэдийн аж амьдралтай нь зохицуулж бүтээлээ гаргахыг эрмэлздэг. Мөн маш их хүмүүстэй харьцаж байж, тэдний юу хүсч байгааг ойлгож, мэдэрч байж бүтээлээ гаргадаг. Миний хувьд бүтээлээ дуусгачихаад хараад зогсоно гэдэг бол маш гоё өвөрмөц мэдрэмж байдаг. Тэрний төлөө л зурдаг гэхэд болно. Маш их хүч, хөдөлмөр гарган байж зурж дуусгадаг болохоор түүнийхээ үр дүнг хараад зогсоно гэдэг маш том шагнал юм даа. Бас бүтээлүүдээрээ дамжуулан  өөрийнхөө сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж гээд бүх зүйлээ илэрхийлээд гаргачихдаг.

-Өөрийгөө зурахгүйгээр төсөөлж чаддаг уу? Хэрвээ зурдаггүй байсан бол өөр юу хийх байсан бол?

-Багаасаа л зурдаг хүүхэд байсан болохоор яг өөр юу хийх байснаа сайн мэдэхгүй юм. Зурагнаас өөр зүйлд бол сүрхий авьяас байхгүй. Харин хэлний талдаа гайгүй. Зураг зурдаггүй байсан бол орчуулагч ч юмуу хэлний талдаа хүн болох байсан байх. \инээв\ Ер нь юунд дуртай, юу хийх сонирхолтой гэдгээ багаасаа мэдээд , тууштай явсан нь маш том давуу тал болсон л доо.

-Таныг Монголын граффити сонирхдог залуус  их даган дуурайж, шүтэн биширдэг. Тэдэнд хандаад юу гэж хэлэх вэ? Тань шиг чадварлаг болохын тулд, ер нь бүтээлүүдээрээ хүнд нөлөөлөхийн тулд юу хийх ёстой, юу чухал гэж бодож байна?

-Манай улсад мундаг зурдаг залуус олон болсон байсан. Миний бие бас гадаадад олон чадварлаг зураачидтай хамтарч ажилладаг болохоор тэднээс сурсан зүйлсээ эргээд бие биетэйгээ хуваалцдаг, . Тиймээс залуус маань бие биетэйгээ сурсан мэдсэн зүйлээ үргэлж хуваалцаж, хамтарч ажиллаж байх нь чухал. Бас маш их хөдөлмөрч, эрэл хайгуулч байгаарай. Бусдаас илүү мундаг болохын тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Илүү хөдөлмөрлөж, хийж бүтээж байвал бүх зүйл зөв замдаа л орно. Тиймээс залхууралгүй, өөрөө өөртөө төлөвлөгөө гаргаад түүнийгээ биелүүлээд явах хэрэгтэй. Бас нэг чухал зүйлийг залуустаа хэлэхэд мөнгө, нэр төрийн талаар хэт бодоод, стресстээд юунд ч хүрдэггүй шүү. Зүгээр л чанартай, сэтгэлээсээ хийсэн зүйлийг дагаад бүх хэрэгтэй зүйл ар араасаа гараад ирдэг. Тиймээс эхлээд хийж буй зүйлээ чанартай, сэтгэлээсээ хийцгээгээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.