Солонгосын "Tmoney" компани Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 9,2 тэрбум воны алдагдал хүлээжээ

Солонгосын "Tmoney" компани Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 9,2 тэрбум воны алдагдал хүлээжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төлбөрийн системийг цахимжуулах ажлын хүрээнд Өмнөд Солонгосын “Tmoney” компанийн хөрөнгө оруулалттайгаар “Улаанбаатар смарт карт” компани 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

“Tmoney”-ийн охин компани болох “Улаанбаатар смарт карт” компани нь өнгөрөгч 2019 онд 1,7 тэрбум вон буюу 1,4 сая ам.долларын алдагдалтай ажилласан ба энэ нь тус компани цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулж буйг “Tmoney” компанийн ээлжит тайланд дурджээ. Тус компани нь Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи таван жилийн хугацаанд нийт 9,2 тэрбум воны алдагдалд орсон байна. Уг нь “Tmoney” компани нь Сөүлийн нийтийн тээврийн төлбөрийн системийг Монгол Улсад нутагшуулснаар 10 жилийн хугацаанд 100 тэрбум воны ашиг олно гэж тооцоолсон аж. Ерөнхийдөө тус компани нь монголын талд оруулсан анхны санхүүжилтээ тэр чигт нь алдсан байна.

“Монгол Улс нь 2017 онд экспортын түүхий эдийн үнэ огцом буурч, эдийн засаг нь уналтад орсон ба ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт  гурван жилийн хугацаатай хамрагдаж, үүний дараагаар тус улсын валютын ханш огцом суларсан нь “Улаанбаатар смарт карт” компаныг тасралтгүй алдагдалд оруулсан” гэж Korea Times онцолжээ.

Анх “Korea Smart Card” нэртэйгээр 2003 онд байгуулагдсан тус компани 2019 онд “Tmoney” болгож нэрээ өөрчилсөн бөгөөд компанийн ихэнх хувийг буюу 36,16 хувийг Сөүл хотын захиргаа эзэмшдэг аж. Харин дараагийн том хувьцаа эзэмшигч нь LG CNS /32.91 хувь/ компани юм байна.




Өнөөдөр тахиа өдөр

49 минутын өмнө