САНГИЙН ЯАМ: Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг ОЛГОХГҮЙ

САНГИЙН ЯАМ: Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг ОЛГОХГҮЙ

Энэ сарын 19-ны өдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд Сангийн яамны гадна жагссан. 

Энэ үеэр Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны тэргүүн Т.Мөнх-Алдар "Нийслэлд хувийн цэцэрлэг, сургуульд нийт 5000 орчим багш ажилладаг. Тэдний 97 хувь нь эмэгтэйчүүд. Тэд дөрөвдүгээр сараас хойш цалингаа авч чадаагүй. Иймд өнөөдөр Сангийн яамны гадаа цуглаад байна. Мөн бид амралтын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа юм. Төрийн сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна. Хувийн сургуулиуд ч мөн адил хичээлээ цахимаар зааж байна. Гэтэл төрийн сургуулиудад хүүхдийн хувьсах зардлыг олгож байгаа атлаа хувийн сургуулиудад олгохгүй гэлээ. Сургуулиудыг статусаар нь ялгаварлаж болохгүй" гэсэн юм. 

Тэгвэл хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг нь олгохгүй, олгосон бол буцаан авч төсөвт төвлөрүүл гэдэг зөвлөмжийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг рүү хүргүүлсэн байна. 

Тэрбээр зөвлөмждөө "Зарим аймаг, нийслэлийн Засаг дарга энэ оны 2, 3 дугаар сард төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгэний төвүүдийг үйл ажиллагаа явуулаагүй байхад нь хувьсах зардлыг нормативаар тооцож санхүүжилт олгосон нь Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нийцүүлж Засгийн газраас баталсан журмуудыг зөрчсөн байна. 

Иймд холбогдох хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан журмын хүрээнд ажиллаж, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төвд үндэслэлгүй олгосон санхүүжилтийг төсөвт буцаан төвлөрүүлж, улсыг хохиролгүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг танд зөвлөж байна" гэжээ.