ХОНГКОНГ: Эсэргүүцлийн жагсаал намжиж байна

ХОНГКОНГ: Эсэргүүцлийн жагсаал намжиж байна

Мягмар гаригийн өглөө, хотын төвд эсэргүүцлийн ажиллагаа намжсаны дараа Хонгконгийн Засгийн газрын цогцолборын үйл ажиллагаа сэргэсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Адмиралти дүүрэг дэх Засгийн газрын байрны ойролцоох замуудыг хаасан, жагсагчид олноор цугласан байдал ажиглагдахгүй байгаа гэнэ. Даваа гаригт энэ хэсэгт хэдэн зуун оюутнууд цугларан, жагсаал хийсэн бөгөөд энэ жагсаал харьцангуй тайван болж өнгөрчээ.

Энд дуулгахад, Засгийн газрын цогцолборын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн тасалдсан бөгөөд тухайн үед энэ байр руу дайрах гэсэн жагсагчдыг цагдаагийнхан зогсоохоор нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласны улмаас мөргөлдөөн гарсан юм. Энэ мөргөлдөөний улмаас 80 гаруй хүн шархадсан талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.

Улмаар, өнгөрсөн ням гаригт энэ хотод түүхэнд тохиосон хамгийн том хэмжээний, Хонгконгийн 7,5 сая хүн амын 2 сая нь оролцсон жагсаал болсон юм. Жагсагчид эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийг хэлэлцэхгүй байх, түүнчлэн “Бээжингийн утсан хүүхэлдэй болсон” Хонгконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Ламыг огцрохыг шаардаж байв.

Үүний хариуд Кэрри Лам олон нийтийг хамарсан жагсаал цуглаан үүсгэх нөхцөл болсон сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг хэлэлцэхтэй холбоотойгоор дотоод улс төрийн хямрал бий болсонд иргэдээсээ уучлалт гуйн, цаашид засгийн газрын үйл ажиллагаанд анхаарч ажиллахаа амласан юм. Түүнчлэн маргаан дагуулсан хуулийн төслийг цаашид хэлэлцэхээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн ч жагсагчид БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг шүүхээр оруулахын тулд эх газрын Хятад руу шилжүүлэх тухай энэ хуулиас нэг мөр татгалзан, Кэрри Ламыг огцрохыг шаардаж байв.