Москвагаас ирсэн зорчигчдоос зургаан хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ

Москвагаас ирсэн зорчигчдоос зургаан хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ

Өнөө өглөө 06:30 цагт буусан Москва-Улаанбаатарын онгоцоор 170 зорчигч ирсэн. Үүнээс зургаан хүнийг сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан бол Альфа зочид буудалд 49, Зүчи зочид буудалд 60, Дрийм зочид буудалд 55 иргэн тусгаарлалтад орсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх иргэдийг хүлээн авах ажлыг шуурхай штабтай хамтран зохион байгуулж байгаа. Урьдчилсан байдлаар 560 иргэн ирнэ гэсэн тооцоо гараад байна.

Өнөөдрийн байдлаар 20 тусгаарлан ажиглах байранд нийт 1,119 иргэн байгаа. Харин гэрийн тусгаарлан ажиглалтад 878 иргэн байгаагийн 790 нь Улаанбаатар хотод байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хяналт тавьж, утсаар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд очиж тусламж үзүүлж байгаа.

Өчигдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болсон. Нийгмийн эрүүл мэндийн эрсдлийн найм дахь үнэлгээгээр халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үзсэн учраас ЭМ-ийн сайд мэдээллээ УОК-т танилцуулан, шийдвэр гаргууллаа" гэсэн юм.