Нярай хүүхдээ асрагчдаа хаяж явсан ээжийг 300 мянгаар торгож, 108 төвд хүлээлгэн өгчээ

Нярай хүүхдээ асрагчдаа хаяж явсан ээжийг 300 мянгаар торгож, 108 төвд хүлээлгэн өгчээ

"Асрагч ажилд авна" гэх зар тавиад ажиллахаар ирсэн асрагчид дөнгөж төрсөн нярай хүүхдээ үлдээгээд сураггүй алга болсон гэх эмэгтэйн талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд гарч, олны анхаарлыг татсан. 

Тэгвэл тухайн нярай хүүхдийн ээжийг цагдаагийн байгууллагаас олж, тогтоон хариуцлага тооцсон байна. Тодруулбал,  Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 02 цаг 02 минутад “Ээж нь гэрээсээ гараад найм хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцсон байна. Улмаар эх, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгчээ. Зөрчлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 7. Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.