СУРВАЛЖИЛГА: Х.Нямбаатарын хальтирдаггүй, 50 жилийн настай гэх 60 тэрбумын явган хүний боржин зам “коток” болжээ

СУРВАЛЖИЛГА: Х.Нямбаатарын хальтирдаггүй, 50 жилийн настай гэх 60 тэрбумын явган хүний боржин зам “коток” болжээ

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл хотын явган хүний зам, талбайг шинэчлэхэд нийт 69.6 тэрбум төгрөг төсөвлөж, үүнээс 60 орчим тэрбум төгрөгийг бодитоор зарцуулан 65 километр урт явган замыг байгалийн боржин чулуугаар сольж шинэчилсэн юм.

Тэрбээр энэ ажлыг эхлүүлэхдээ ч, хэрэгжүүлэх явцдаа ч "Хот өмнө нь стандарт мөрдөж байгаагүйгээс алаг цоог замтай болсон. Шинээр тавьж буй байгалийн боржин чулуу нь тусгай төхөөрөмжөөр шатааж барзайлгасан гадаргуутай тул цас, бороонд халтирч гулгахгүй, 30–50 жилийн насжилттай, хотын стандартад бүрэн нийцсэн шийдэл" хэмээн олон нийтийн өмнө ам бардам мэдэгдэж байлаа.

ВИДЕО:

-ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС ГАРСАН 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОДИТ ҮР ӨГӨӨЖ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ ДЭЭР ХЭРХЭН БУУЖ БАЙНА ВЭ?-

Өвлийн жавар тачигнаж, анхны цас бударсан өдрүүдээс эхлэн Улаанбаатарын төв гудамжууд явган зорчигчдын хувьд жинхэнэ сорилтын талбар болж хувирав. Хотын дарга асны "халтирдаггүй" хэмээн магтаж байсан тэрхүү боржин чулуун хавтангууд дээр цас тогтох, эсвэл өдрийн наранд хайлсан чийг оройдоо зайрмагтах төдийд л толь мэт гулгамтгай болж, иргэд халтирч унан бэртэж гэмтэх үзэгдэл тасрахгүй байна. Хүүхдээ тэвэрсэн ээжүүд, ахмад настнууд, тэр байтугай залуус хүртэл төв зам дагуух шинэчилсэн явган замаар алхахдаа тэнцвэрээ алдан унаж, гар хөлөө хугалах, тархи толгойгоо гэмтээх тохиолдол энгийн үзэгдэл мэт болов.

Угтаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалтад Монгол Улсын иргэн бүр “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” хэмээн суурь эрхийг нь хөдөлбөргүй баталгаажуулсан байдаг.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн ес дүгээр зүйл болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын нутаг дэвсгэрт явган зорчигчийн аюулгүй, саадгүй зорчих дэд бүтцийг стандарт, шаардлагын дагуу барьж байгуулах, арчлан хамгаалах нь нийслэлийн захиргааны хуулиар хүлээсэн шууд үүрэг юм.

Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага” MNS 6808:2019 болон “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага” UCS 0901B:2022 стандартуудад явган замын хучилт нь цаг уурын ямар ч нөхцөлд халтиргаа гулгаа үүсгэхгүй, ус тогтохгүй, тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрэн хангасан байх ёстойг тодорхой заасан байдаг.

Гэвч бодит байдал дээр 60 тэрбум төгрөгөөр тавигдсан энэхүү явган зам нь хууль, стандартын дээрх заалтуудыг хангах бус, харин ч иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих шалтгаан болж хувирлаа. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэн хүн авто машинд мөргүүлэхээс гадна явган хүний зам дээрээ алхаж яваад бэртэж гэмтэх эрсдэлтэй нүүр тулж байгаа нь хот төлөвлөлт, чанарын хяналт хэрхэн алдагдсаны тод илрэл билээ.

-ЯВГАН ЗАМ ЗАСВАРЫН ХҮРЭЭНД ХУУЛЖ АВСАН ЭВДРЭЛГҮЙ, ХУУЧИН ХАВТАНГУУДЫГ ХАЯХГҮЙ-

Явган хүний замыг байгалийн боржин чулуугаар солих төслийг дагалдсан бас нэгэн томоохон асуудал бол төсвийн үргүй зардал, төрийн өмчийн хайхрамжгүй хандлага юм. Хотын дарга асан Х.Нямбаатар 2025 оны тавдугаар сард Энхтайваны өргөн чөлөө, Ленин клубийн орчимд хийж буй ажлыг шалгах үеэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан нэгэн сэтгэл татам амлалт өгч байв.

Тэрбээр “Явган зам засварын хүрээнд хуулж авсан эвдрэлгүй, хуучин хавтангуудыг хаяхгүй. Бүгдийг нь бүртгэж аваад явган замгүй байгаа гэр хорооллын гудамж, сургууль цэцэрлэгийн орчимд шилжүүлэн тавина” хэмээн мэдэгдэж байлаа.

Энэ үг тухайн үедээ хотын захын гэр хорооллын шавар шалбаагтай гудамжаар алхдаг олон мянган иргэнд итгэл найдвар төрүүлсэн нь дамжиггүй. Төвийн гудамжны огт эвдрээгүй, цоо шинэхэн шахуу байсан бетон болон өнгөт хавтангуудыг хуулж авахыг харсан иргэд ч "Ядаж гэр хорооллын хүүхдүүд шороо тоосгүй замаар сургуульдаа явах нь" хэмээн хүлээцтэй хандаж байв. Гэвч бодит байдал дээр түүний хэлсэн үг, хийсэн ажил хоёр тэнгэр газар шиг зөрсөн билээ. Иргэдийн мэдээлэл болон газар дээрээс авсан зураг дүрсүүдээс харахад хотын төвөөс хуулж ачсан эвдрэлгүй, дахин ашиглах бүрэн боломжтой тэрхүү явган замын хавтангууд гэр хорооллын гудамжинд бус, харин хотын захын ил задгай хогийн цэг, жалга дов руу ачигдан хаягдсан байсан юм. Үйлдвэрээс гараад удаагүй, дахин ашиглах боломжтой байсан олон арван мянган ам.метр хавтанг ийнхүү хог болгон хаясан нь төрийн өмч хөрөнгийг үрэн таран хийсэн хэрэг юм . Бүр зарим хэсэгт Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш болон хөл хөдөлгөөн багатай гудамжуудын огт эвдрээгүй, тэгшхэн байсан хавтангуудыг хүртэл хүчээр хуулж, оронд нь үнэтэй боржин чулуу шахсан нь төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах бус, зөвхөн мөнгө угаах, тендер шахах зорилготой байсан уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна.

-60 ТЭРБУМ ТӨГРӨГ ГЭДЭГ БОЛ УЛААНБААТАР ХОТОД ХЭД ХЭДЭН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХЭМЖЭЭНИЙ АСАР ИХ ХӨРӨНГӨ-

Өнөөдөр 69.6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, 60 тэрбумыг нь зарцуулсан хотын дарга асан албан тушаалаасаа бууж, харин түүний үлдээсэн “бүтээн байгуулалт”-ын үр дагаврыг жирийн иргэд бие сэтгэл, эрүүл мэндээрээ үүрч байна. Нэг ам.метр талбайг тохижуулахад дунджаар 165–172 мянган төгрөг буюу өмнөх жишгээс хэд дахин өндөр өртөг зарцуулсан гэх тооцоо бий. Ийм өндөр өртгөөр хийгдсэн ажил нь чанарын хувьд маргаантай, өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсгэж, зуны бороонд ус тогтож, зарим хэсгээрээ суулт өгч эхэлсэн нь гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдал болон захиалагч тал буюу нийслэлийн хяналт шалгалт хангалтгүй байсныг нотолж байна.

Татвар төлөгчдийн 60 тэрбум төгрөг гэдэг бол Улаанбаатар хотод хэд хэдэн сургууль, цэцэрлэг барих, эсвэл гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх хэмжээний асар их хөрөнгө. Энэ их мөнгийг зарцуулчихаад эргээд иргэдээ халтирч унадаг эрсдэлтэй орчинд үлдээж, хуучин хөрөнгөө хогийн цэг дээр хаячихаад чимээгүй өнгөрөх эрх хэнд ч байх ёсгүй. Хотын үе үеийн удирдлагууд "Бид өмнөхөөсөө илүүг хийсэн" хэмээн тоо баримтаар өрсөлддөг ч тэрхүү тооны цаана хүний амь нас, эрүүл мэнд, хуулиар хамгаалагдсан аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн хангагдаж байна вэ гэдэг нь хамгийн чухал шалгуур байх учиртай.




Өнөөдөр тахиа өдөр

32 минутын өмнө