Зөвшөөрөлгүйгээр “Монгол хадран” загасыг агнасан этгээдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Зөвшөөрөлгүйгээр “Монгол хадран” загасыг агнасан этгээдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.17-оос 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд) 38.357 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 588 хэргийг хүргүүлсэн байна.
 
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байх Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн "Ө" нь энэ оны 05 дугаар сарын 24-ний өдөр зөвшөөрөлгүйгээр “Монгол хадран” загасыг агнаж, 240.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс энэ оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн "Э" нь зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн мод бэлтгэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, 547,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сарын 07-15-ны өдрийн хооронд иргэн "З" нь бусадтай бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн мод бэлтгэн байгаль орчинд 4.643.392 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.