ШУУРХАЙ: Шүүхээс торгуулийн ял сонссон З.Энхболд, Б.Энх-Амгалан нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалджээ

ШУУРХАЙ: Шүүхээс торгуулийн ял сонссон З.Энхболд, Б.Энх-Амгалан нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалджээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдрийн турш явагдаж, өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгаланг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч З.Энхболдыг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл анхан шатны шүүхээс торгох ял сонссон З.Энхболд, ИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар нь нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний гомдлыг шүүх хэзээ хэлэлцэх тов одоогоор гараагүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.