ШХАБ-ын уулзалтын үеэр В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах бол БНХАУ-аас "Монголыг гишүүнээр элсүүлэх нь зүйтэй" гэж ярьжээ

ШХАБ-ын уулзалтын үеэр В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах бол БНХАУ-аас "Монголыг гишүүнээр элсүүлэх нь зүйтэй" гэж ярьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо өнөө өглөө мордсон. 

Энэ удаагийн уулзалтаар Монголыг гишүүнээр орноор бүртгэхээр шахалт үзүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг уулзалтад ОХУ-ын В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй ШХАБ-ын гишүүн есөн орны удирдагч (БНХАУ, ОХУ, БНЭУ, Иран, Казахстан, Пакистан, Тажикстан, Узбекстан, Киргизстан) улс төр, эдийн засаг, худалдаа наймаа, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн Беларусь улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх эсэх нь асуудлыг хэлэлцэх нь дээд хэмжээний уулзалтын гол асуудал юм.

ШХАБ-ын Аюулгүй байдлын дэд генерал Сохаил Ханы мэдээлснээр дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьж, 24 баримт бичигт гарын үсэг зурна гэж мэдээлсэн байна. Тэгвэл ШАХБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Астана хотод ирсэн бөгөөд тэрээр албан ёсны уулзалт эхлэхээс өмнө хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй уулзахаар товлосны нэгд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багтсан талаар Оросын РИА Новости агентлаг мэдээлсэн. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд өнөөдөр /2024.07.03/ Астана хотод очсон бөгөөд энэ үеэр тус улсын баримталж буй гадаад бодлогыг сурталчилдаг гол судлаачдын нэг, профессор Виктор Гао ШХАБ-ын талаар хөндөж ярихдаа "Одоогоор ажиглагчийн статустай байгаа Афганистан, Монгол улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэн авах нь зүй ёсны асуудал юм" гэж CGTN телевизэд ярьжээ. Угаас манай улсыг ШХАБ-т гишүүнээр элсэхийг эрчимтэй шахаж буй нь тус байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын байр, сууриас харагдаж байгаа юм. Харин манай улсын хувьд ажиглагчийн статусаа хадгална гэдэг байр,сууриа хатуу илэрхийлсээр байгаа юм. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар гурван талт уулзалт хийдэг. Харин энэ жил гурван талт уулзалт хийх эсэх нь тодорхойгүй байна.