О.Цогтгэрэл: Мөнгөний мөрөө тайлбарлаж чадахгүй бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй, АН-ын дарга шаардлага тавьж буй залуусыг элдэвлэхэд эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Мөнгөний мөрөө тайлбарлаж чадахгүй бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй, АН-ын дарга шаардлага тавьж буй залуусыг элдэвлэхэд эмзэглэсэн

МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрыг огцруулах асуудлыг маргааш /2025.05.21/  МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар шийдвэрлэнэ. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлжээ. Өчигдөр Ардчилсан намын бүлэг эл асуудлыг хэлэлцэхээр байсан ч бүлгийн дарга эзгүй байсан учир хойшлуулсан билээ.Тэгвэл тус бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2025.05.20/ Төрийн ирсэн байна.

Тэрбээр “Миний хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулагдах үйл явцыг анхнаас нь хуулийн бус гэж харж байсан. Үндсэн хуулинд зааснаар олонх болсон нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилох ёстой. Одоо яригдаж буй энэ шаардлагуудыг хуулийн дагуу зүй ёсных гэж харж байгаа. Өчигдөр манай намын гишүүд нийлж 2-3 шаардлага ирүүлсэн байна. Шаардлагыг бүлгээр хэлэлцэнэ. Одоогоор манай намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны тов яригдаагүй байна. Бид намын удирдлага бусад гишүүдтэй холбогдож мэдээлэл солилцож ажиллана. Улс төрийн намын тухай хуулиар намууд эхэлж хуралдаад дүрмээ өөрчлөх ёстой. Үүний дараа зохион байгуулалтын асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байна. 2024 оны сонгуулиар манай нам илүү их амжилт гаргах боломжтой байсан гэж би боддог. Иргэд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байгаа. Энэ маш энгийн асуудал. Ийм асуудлаар нийгмийг талцуулж, улс төрийн асуудал болгож байхын оронд орлогоо нотлох хэрэгтэй. Мөнгө мөртэй гэдэг биз дээ. Мөрөө тайлбарлаж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Ардчилсан намын дарга "Жагсаж буй залуусын ард захиалагч байгаа" гэж хэлэхэд нь би эмзэглэсэн. Энгийн эрүүлээр шаардлага тавьж орлогоо нотлохыг шаардаж буй залуусыг үгүйсгэж буй нь зарчимгүй явдал тэр дундаа Ардчилсан намын даргын хувьд байж болзошгүй асуудал. Улс төр өрнөөд явах байх” гэлээ.