Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн Ж.Билэгт: МАН-ын Бага хурлаар намын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүддээ тайлбараа хэлэх байх. Түүнийг сонсох гэж ирсэн. Хэвлэл мэдээллээр яваад байгааг харахад Ардчилсан намынхан, ХҮН намынхан тэдний удирдлагуудын өгч байгаа ярилцлагуудыг хараад “МАН-ын Бага хурлынхан хамтарсан Засгийн газар байгуулахгүй, тараана гэж байгаа нь улс орныхоо эсрэг шийдвэр гаргах гэж байна” гэж ярьсан байна. Би үүнийг гайхаж байгаа. АН, ХҮН намынхан Ерөнхий сайдыг маань маш их бойкотлодог юм байна. Ажлыг чинь явуулахгүй, шийдвэрийг гаргуулахгүй гэдэг юм байна гэж ойлгосон. Улс орны эрх ашгийн төлөө ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг харна. Том сөрөг хүчнүүдийг гайхаад байна.