Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.05.22/ Төрийн ордонд хуралдаж эхэлсэн ч завсарлуулсан юм. Учир нь Ардчилсан намын хувьд МАН-ын Бага хурлын тогтоолыг сургаар бус албан ёсоор авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Харин МАН Бага хурлын шийдвэрээ албан бичгээр Ардчилсан намд одоог хүртэл ирүүлээгүй байна. Тиймээс Ардчилсан намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал МАН-д шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагадаа "Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан нам нь Эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн. Гэвч харамсалтай нь МАН VI Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл боллоо. Энэхүү шийдвэрийг "Ардчилсан нам хамтарсан гэрээг зөрчсөн" гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.
Тиймээс МАН-ын VI Бага хурлаас гаргасан Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх, Ардчилсан намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх, Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй хандахыг шаардаж байна" гэжээ.
Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх аж.