Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд заасны дагуу "Итгэл үзүүлэх" эсэх санал хураалт УИХ-ын гишүүдийн дунд явагдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд заасны дагуу "Итгэл үзүүлэх" эсэх санал хураалт УИХ-ын гишүүдийн дунд явагдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн байж болзошгүй мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн. Иймд энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” тайван жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Харин өнгөрөгч лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үндэслэл болж магадгүй байгаа юм. Учир нь МАН-ын Бага хурлын өмнө “хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл бий.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өнөөдөр, маргаашдаа амжиж УИХ-д тогтоолын төслийг хүргүүлнэ. Учир нь пүрэв гараг /2025.05.29/-т намын бүлэг, байнгын хороо, баасан гараг /2025.05.30/-т чуулганы хуралдаанаар түүний ирүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх урьдчилсан товтой байгаа. Тэгэхээр өнөө, маргаашдаа амжуулахаас өөр аргагүй байгаа юм.

Тэгвэл тэрбээр ямар агуулгаар УИХ руу тогтоолын төслийг явуулах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "Хамтарсан Засгийн газартайгаа ажиллах хүсэлтэй байна. Итгэл үзүүлнэ үү" гэх агуулгаар тогтоолын төслийг хүргүүлэх бололтой. Ингээд УИХ-ын гишүүд уг саналын томъёоллоор саналаа хураалгах нь. 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1-т  "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж заасан. Мөн хуулийн  44.2-т  "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан байдаг.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн дээрх заалтуудад үндэслэн итгэл хүлээлгээч гэх агуулгаар тогтоолын төслийг УИХ-д оруулах аж.

Уг заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Тэгэхээр энэ дагуу түүнийг огцруулах эсэх асуудал шийдэгдэх нь. Харин энэ өдрүүдэд гишүүдийн саналыг хэрхэн хуваах зэрэг уулзалт хөшигний ард эрчимтэй өрнөж байгаа юм.