Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн байж болзошгүй мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн. Иймд энэ сарын 14-нд эхэлсэн орлогоо нотолчих, “Огцрох амархан” жагсаал 14 дахь өдрөө үргэлжилж байна.
Харин өнгөрөгч лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” улс төрийн шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үндэслэл болох юм. Учир нь МАН-ын Бага хурлын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэдгээ албан бусаар мэдэгдсэн гэх мэдээлэл бий.
Товчхондоо, МАН-ын улс төрийн эцсийн шийдвэр гарч, АН, ХҮН намуудыг нэгтгэсэн хамтарсан Засгийн газар улс төрийн хувьд огцорсон.
Гэтэл өдгөө “АН-ыг Засгийн газраас хасаж, хамтарсан Засгийн газрын огцруулсан” МАН-ын Бага хурлын шийдвэр ач хологдолгүй болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогоо нотлох асуудал “Засаглалын хямрал” болж магадгүй байна.
Учир нь маргааш /2025.05.28/ болох Засгийн газрын ээлжит хурлаар “хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх” эсэх саналыг гаргаж, УИХ-д хүргүүлж магадгүй байна. Энэ нь МАН-ын Бага хурлын шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн дагах уу эсвэл кнопоо АН, ХҮН намуудад худалдах уу гэдгийг харах л үлдээд байна.