Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн байж болзошгүй мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн. Иймд энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” тайван жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Харин өнгөрөгч лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үндэслэл болж магадгүй байгаа юм. Учир нь МАН-ын Бага хурлын өмнө “хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт хэвлэлд өгсөн тайлбартаа "2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн болон бусад этгээдэд холбогдох гомдлыг нэр бүхий иргэдээс гаргасны дагуу шалгаж байна. Хяналт шалгалтын ажлыг хийж эхэлж, холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох баримтуудыг гаргуулан авах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт, шалгалт хийж эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн 13.4-р зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүний хувиар Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж эхэлсэн" гэв.