АНУ-ын SpaceX компани өөрсдийн хөгжүүлж буй Starship хөлгийн ес дэх туршилтын нислэгийн үеэр прототип хөлөгтэй холбоо тасарсан гэж өнөөдөр /2025.05.28/ мэдэгдсэн байна.
АНУ-ын Техас мужийн өмнөд хэсэгт орших Starbase хөөргөх төвөөс орон нутгийн цагаар 18:36 цагт хөөрсөн уг хөлөг онгоц Мексикийн буланд буух төлөвлөгөөтэй байжээ. Гэвч хөөргөгч Super Heavy пуужингаас амжилттай салсныхаа дараа нислэг нь тогтворгүй болж, холбоо бүрэн тасарсан байна.
SpaceX компанийн төлөөлөгч шууд нэвтрүүлгийн үеэр “Бид хэдхэн минутын өмнө хөлөгтэй холбоо тасарсан. Ингэснээр есөн нислэгийн туршилт дууслаа” хэмээн мэдэгдсэн байна.
Холбоо тасрахын өмнөхөн хөлөг онгоц өмнөх туршилтуудаасаа илүү өндөрт, хол ниссэн ч тогтворгүй болж эхэлсэн байна. Хөлөг дэлхийн тойрог замд орж, улмаар Энэтхэгийн далай дээгүүр агаар мандалд нэвтрэх үед задарсан гэж үзэж байгаа аж. Туршилтын үеэр хөлгийн Starlink хиймэл дагуулын симуляторууд нээгдээгүй ба түлш алдагдсан нь ажиглагджээ. Энэ нь системийн хэд хэдэн доголдол гарсныг илтгэж байгаа аж.
SpaceX энэхүү ослын шалтгааныг нарийвчлан шинжилж, цаашдын сайжруулалтдаа тусгах болно гэж мэдэгдсэн байна. Тус компанийг үүсгэн байгуулагч Элон Маскийн хэлснээр, Starship хөтөлбөрийн хүрээнд илүү олон удаагийн туршилт зохион байгуулагдах бөгөөд туршилт бүр нь системийн найдвартай байдлыг дээшлүүлэх чухал алхам болно гэжээ.
Эх сурвалж: BBC