Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс байр суурийг нь тодрууллаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хэн нэг хүний буруу зөвийн талаар яриа өнөөдөр болоогүй. Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тал дээр бид ярьж амжсангүй. УИХ дахь АН-ын бүлэг шийдвэр гаргаж таарна. Сайд нарын хувьд бүлгийн шийдвэрээ дагаад явна гээд санал нэгдсэн байгаа.
Бидэнд Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бол хамтарсан намууд гэрээгээ зөрчсөн гэж байгаа. Бид энэ хүрээнд асуудлыг харж байна. Бид ямар ч гэрээний үүрэг зөрчөөгүй. Өдөр шөнөгүй бүх хүчээрээ ажилласан. Тийм байхад улстөрийн тийм шийдвэр гарч байгаа бол бид ажиллах шаардлагагүй. Өргөдлөө өгнө гэдэг байдалтай байна. Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх эсэх дээр надад хоёр байр суурь байгаа. Нэгдүгээрт, АН өнөөдөр дүрмийн хэлэлцүүлгээ хийж байгаа. Ардчилсан нам хамтын шийдвэр гаргадаг нам болох ёстой. Тийм учраас хамтарсан шийдвэр гаргадаг институци болоод төлөөллийн байгууллагаа бүрдүүлээд хамгийн багадаа их хурлаар бүх гишүүдээр даргаа сонгох ёстой. Хоёрт, би Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүст нэг л асуулт тавина. Санаачлаад яваад байгаа нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн үзэл санааг дэмжих үү гэдэг асуулт тавина. "Дэмжинэ" гэвэл хоёр гараа өргөөд тэр хүний төлөө явна. Нэр дэвшигчдээс хэн нь ч "Дэмжихгүй" энэ бодлогыг урагшлуулах улстөрийн эр зориг байхгүй байна гэж үзэх юм бол үүнийг хэрэгжүүлэхийн төлөө би өөрөө явна.