Д.Амартүвшин: Л.Оюун-Эрдэнэд хүлээн зөвшөөрөлт алга,  эсрэгээрээ огцроод өгөөсэй гэсэн хүлээлтэд иргэд орчихлоо

Д.Амартүвшин: Л.Оюун-Эрдэнэд хүлээн зөвшөөрөлт алга, эсрэгээрээ огцроод өгөөсэй гэсэн хүлээлтэд иргэд орчихлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлоод, огцрохыг шаардсан ч тэрбээр өөрийн асуудлаа Үндсэн хуулийн асуудал болгон өөрчилж, "14 мега төсөл зэргийг дэмжиж, Ерөнхий сайдад итгэл үзүүлээч" хэмээн УИХ-ын гишүүдээр шийдвэрлүүлэхээр хандаад байна. Энэ сэдвээр комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа. 

ВИДЕО:

-Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол", "Огцрох амархан" хэмээн шаардлага тавьсан. Жагсаалд эхнээс нь оролцож явсан хүний хувьд та бүхний тавьсан шаардлагууд биелсэн үү?

-Жагсаалын гурван гол шаардлага байгаа. Эхнийх нь “Ёсзүйн хариуцлага хүлээж, огцроод өг”, хоёрт “Хамтарсан Засгийн газрыг болиулаач”, гуравт нь “Ямар нэг байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт хийж Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй шүү” гэдэг гурван шаардлага байгаа. Хамгийн чухал шаардлага нь “Хариуцлагаа хүлээгээд огцорчих” гэдэг шаардлага байгаа.

Би бүр сүүлдээ гайхаад байгаа байхгүй юу. “Орлогоо нотлооч” гэж хэлснээс хойш бараг 20 хоночихлоо.”Орлого нотлогдсонгүй”. Тэгсэн мөртлөө “Би орлогоо нотолж чадахгүй нь. Гэхдээ надад итгэл үзүүлчих” гээд байх юм.

Түүнийхээ өмнө юу барьж байна гэхээр мега төсөл. Миний харж байгаагаар яг үнэндээ энэ мега төсөл нь мега төсөл биш мега хулгай юм байна. Орлогоо нотолж чадахгүй байна гэдэг чинь тэр хүн хулгай хийсэн байна л гэсэн үг. Хулгайч хүн ахиад “Надад итгээч хулгай хийе” гэж байхад итгээд явуулчихгүй байлгүй дээ. Энд ямар ч логик алга. Өөрийнхөө орлогыг нотолж чадахгүй байгаа хүнд яагаад бид итгэх ёстой юм бэ. Хоёрт,

Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд иргэдийн хүлээн зөвшөөрөлт гэдэг зүйл байхгүй болчихлоо. Ерөнхий сайддаа итгэж байж “Энэ хүн бидний өмнөөс юм хийчих болов уу” гэж найдаж байж Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлэх ёстой болов уу.

Гэтэл ард иргэдийн дунд аль хэдийнэ “Энэ хүнийг хүлээн зөвшөөрөх зөвшөөрөлт” нь байхгүй болчихлоо. Хэдий итгэл үзүүлээд явсан ч гэсэн удахгүй болчихлоо. Дээрээс нь энэ хүн зөвхөн өөрийнхөө хувийн орлогоо нотолж чадахгүй байгаа асуудлаа өөр дээрээ аваад буучихаж болно. Гэтэл нус наагаад УИХ-ын гишүүдийг хамт татаж унахаар болчихлоо. Иргэдийн дунд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд итгэл алдарсны дээр давхар УИХ-д, парламентын засаглалд итгэх итгэлийг үгүй хийх гэж байна. Монголчууд бөөнөөрөө төрдөө итгэхгүй болно гэдэг чинь хаос улс үүснэ гэсэн үг биз дээ. Ийм аймшигтай юм руу түлхээд явуулж байна.

-ОРЛОГОО НОТОЛ ГЭЖ ХЭЛСНЭЭС ХОЙШ 20 ХОНОЛОО. ОРЛОГО НОТЛОГДСОНГҮЙ-

-Хувь хүний асуудлаа төр улсын хэрэгтэй хутгаад хамтарсан Засгийн газрыг тараах болоод УИХ-руу асуудлыг оруулж ирэх болчихлоо? 

-Энэ авилгал хээл хахууль гэдэг юм чинь үнэхээр монгол орныг тартагт нь тулгачихсан юм байна. Тийм болохоор Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа салахгүйн тулд салж ядан зууралдаж, ямар ч хамаагүй аргаар, ичих нүүрээ илгэндээ нааж байгаад, ширэлж байгаад “Үлдэе” гэж байна. Энэ бол бүр маш ичгэвтэр үнэхээр бөгс улаймаар явдал, дэлхий дахинд шившиг болж байна. Гадаадын олон хэвлэлүүдээр барууны хэвлэлүүд, Азийн том хэвлэлүүдээр  Монгол Улсын энэ асуудал гарсан байна лээ. Би бол үүнд үнэхээр ичиж байна.

“Орлогоо нотол” гэж хэлснээс хойш 20 хонож байна. Хоёрхон цагийн дотор орлогоо нотолчих ажил шүү дээ. Гэтэл Ардчилсан нам буруутай болоод сүүлдээ мега төслөөр түрий бариад. Ямар ч фокус байхгүй гарт тааралдсан юм болгоноо аваад чулуудаад байгаа хүн шиг дүр зураг харагдаж байна. Бидний шаардлага маш амархан. Орлогоо нотолчих. Нотолж чадахгүй бол огцорчих гэж байгаа. Маш энгийн.

-Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бага хурал дээр огцрохоо мэдэгдсэн ч огцролгүй арав гаруй хоночихлоо. Энэ байдал даамжирч УИХ итгэл үзүүлэх болвол иргэдийн зүгээс ямар хариу барих бол?

-Би олон нийтийн дунд байнга өдөр бүр ажиллаж амьдарч, гуниг зовлон бүх зүйлийг нь сонсож байдаг хүний хувьд нийгэм тэр чигээрээ Л.Оюун-Эрдэнийг огцрох хүлээлтэд орчихсон байна. Энэ хүлээлт биелэхгүй бол энэ жагсаал улам өргөжих байх. Одоо иргэд тайван жагсаж байна. Хэрэв биелэхгүй бол тэмцлийн илүү хурц хэлбэр лүү шилжих болов уу гэж бодож байна.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИАД БАЙГАА МЕГА ТӨСӨЛ ГЭДЭГ НЬ МЕГА ХУЛГАЙ ЮМ БАЙНА ГЭЖ БОДСОН-

Л.Оюун-Эрдэнэ 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна уу?

Дахиад нэг зүйлийг хүмүүст хэлмээр байна. 14 мега төсөл гээд шидэт үлгэр шиг хачин хачин юмнууд байгаа. Дунд нь хоёр гуравхан гайгүй төсөл байгаа. Бусад нь Богд уулыг нүхлэнэ ч гэж байх шиг. Хорьхон километр замыг тойроод явахын оронд хэдэн их наядаар нүхэлж гарахад ямар эдийн засгийн үр ашиг байгаа юм бэ. Ган татлагат гүүр монголд яг ямар хэрэгтэй юм бэ. Ямар ч хэрэггүй. Дандаа нэг иймэрхүү балай балай үлгэрийн төслүүд байгаа. Энэ төслүүдийг явуулж яах гээд байгаа юм. Үүний цаана дандаа идлэг уулга цавчаа, өөрийнх нь эргэн тойрны хүмүүсийн идэж уух гэсэн хүсэл нь байгаад байна. тэгэхээр би дахин хэлмээр байна. Энэ мега төсөл гэдэг чинь мега хулгай, мега идлэгуулга, мега авилгал юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Л.Оюун-Эрдэнийн бууж өгөхгүй зууралдаад байгаа байдлаас бид маш сайн харж болох юм байна. Ер нь бид нар илүү фокуслаад хоёроос гурван мега төслөө явуулья. 14 төсөл гэснээс. Хангалттай. Бид чинь арав хорин жилийн дотор нэг хоёр л мега төсөл хэрэгжүүлсэн шүү дээ. Тэр л бидэнд хангалттайгаас илүү хангалттай.

Орлогоо нотолж чадахгүй 20 хоночихлоо. Сүүлдээ надад итгээч ч гэж байх шиг. Сэрчмаагийн дуу шиг юм болж байна. Зүгээр зайлаад өгөөч. Монголын төрд ийм ёсзүйгүй хүн байж таарахгүй. Иргэд энийг хүсч байна. Монголын төрөөс, Ерөнхий сайдын суудлаасаа зайлаад өгөөч гэж хүсмээр байна.