Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаг хэрэглээнд бухимдсан иргэд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлоод, огцрохыг шаардаж эхлээд байна.
Гэтэл “АН-ыг Засгийн газраас хасах” МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, “Өргөдлөө өгөөд” ердийн олонх буюу чуулганд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдүүлж болох байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудал Үндсэн хуульд заасан “Итгэл хүлээлгэх” болон хувирч, парламентын гишүүдийн “энгийн олонх” буюу 65 гишүүнийн саналаар “үлдэх” эсвэл “огцрох” нь шийдэгдэх болоод байна.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХУРДАВЧЛАХААР БОЛЖЭЭ-
Энэ долоо хоногийн Лхагва гараг /2025.05.28/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илгээсэн тогтоолын төсөлд;
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
- “Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хучний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
- Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байдаг.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоол нь Үндсэн хуулийн 44.1-д заасан "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж заалтыг үндэслэсэн байгаа юм. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь улс төрийн намын бүлгүүд хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэх ёстой.
Тэгвэл ирэх долоо хоногийн Даваа гараг /2025.06.02/-ийн өглөө Төрийн байгуулалтын хорооны хурал зарлагдсан бол үргэлжлүүлээд 14:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг хийхээр зарласан байна.
Энэхүү хоёр хурлын дундуур УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдах бөгөөд “хэрэв аль нэг бүлэг уг асуудлаар завсарлага авахыг хүсвэл нэг өдрийн бус 1 цагийн завсарлага өгнө шүү” гэдгийг албан бусаар анхааруулсан байна. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг Даваа гарагт “машиндах”-аар шийдсэн байна.
-САНАЛ ХУРААЛТЫН ИЛ, ДАЛД ХЭЛБЭРИЙГ ТОХИРООГҮЙ БАЙНА-
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулж, “орлогоо нотлох” ёстой. Мөн “Итгэл хүлээлгэх” тухай асуудлын санал хураалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимд орж ирж магадгүй юм. Мөн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийн санал хураалт ямар хэлбэрээр явуулахыг Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд "ил" болон "нууц" гэж тодорхой заагаагүй. Тиймээс дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэж болно. Гэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулж болно” гэсэн заалт бий.
Тэгэхээр хэн нэгэн гишүүн нь шийдвэрлэх санал хураалтыг нууцаар явуулах санал гаргаж, түүнийг нь хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжвэл нууц санал хураах боломжтой.
Хэрвээ нууц санал хураалт болох нөхцөл үүсвэл “Нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулах бол гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулна. Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг тооллогын комисс боловсруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална” гэж дэгийн хуульд заажээ.