Өнөөдрийн /2025.06.12/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж байгаа юм. Одоогийн байдлаар гишүүд асуулт асууж дуусаад үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудал парламентын олонход бий. Парламентаас гадна хуралдаад цөөнхийн бүлэгт танилцуулж байгаа юм шиг байж болохгүй. Ингэх юм бол парламентын утга учир байхгүй болно. Хоёрдугаарт шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч маань яасан ч их цочроотой бас тийрэлттэй байх юм бэ дээ. Ковид болон хоёр удаагийн парламентад хэт олонх байсандаа эрдээд шүүмжлэл сонсох тэвчээргүй болсон бол энэ бол Ерөнхий сайд хийх чадваргүй гэсэн үг шүү. Асуудалд субьектив хандахаас илүү бодлого ярих хэрэгтэй. Ерөнхий сайд болон засгийн газар нэг зүйлд бат зогсох ёстой. Гүйцэтгэх эрх мэдлийг хадгалах ёстой. Хэн нэгний гарын үзүүрт зарагддаг хүүхэлдэй байж болохгүй. Гүйцэтгэх эрх мэдлийг хулганы хөеө шиг зөөж болохгүй шүү. Манай намын ах, нутгийн дүү гэдэг ойлголтоос хол байх ёстой. УИХ-ын дарга байхдаа нутгийн ахдаа үйлчлээд, ҮАБЗ дээр УИХ-ын эрх мэдлийг аваачиж өгч байсан, давхар дээлтэй холбоотой, төмөр замын нарийн царигтай холбоотой олон асуудлыг УИХ дээр ахынхаа төлөө гаргаж байсан алдааг давтаж болохгүй. Ерөнхий сайдад ах гэж байхгүй. Монгол Улсын эрх ашиг л гэж байгаа. Үүнийг сайн бодоорой” гэлээ.