УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.06.16/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ВИДЕО:
Энэ үеэр тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо. Оны эхний таван сарын байдлаарх эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг харахад төлбөрийн тэнцлээс эхлээд олон үзүүлэлт муудсан байна. Айл өрхийн бодит орлогыг 2019 оныхтой харьцуулахад дордсон байна. Өнгөрсөн хугацаанд төсөв тэлж, төрийн өмчит компаниуд томорсон. Энэ бүхэн нь эдийн засгийн муу бодлого хэрэгжүүлснээс үүдэлтэй. Мөн эрчим хүчний салбарт том осол гарч маш яаралтай шийдвэр нэхэж байна. Гэтэл иргэдэд мэдээлэл өгөх ажил хариуцсан сайд алга. Цаана нь Монгол Улсын Засгийн газраас сараар биш өдрөөр шийдвэр шаардаж байна. Ардчилсан намын бүлгээс шинээр томилогдсон Ерөнхий сайдад бодлогын гурван багц асуудлаар шаардлага хүргүүлэхээр боллоо. Нэгдүгээрт, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж авлигыг бууруулах. Энэ хүрээнд Засгийн газрын сайд болон яамдын тоог 50 хувиар бууруулах. Хоёрдугаарт, иргэдийн ахуй амьдрал, бодит орлогыг нэмэгдүүлэх, төсөвт тодотгол хийх, Төрийн өмчит ААН-үүдийн орон тоог 2 дахин бууруулж, хувийн хэвшилд ногдох татварыг 20 хувиар бууруулах, төсвийн зардлыг 20 хувиар танаж шаардлагагүй мега төслүүдийг хасах. Гуравдугаарт, Эрчим хүчний салбарт үүссэн хүнд нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх. Энэ гурван асуудлаар шаардлага хүргүүлэхээр тогтсон” гэв.
Мөн тус бүлгээр хэлэлцсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ долоо хоногт УИХ-ын 20 гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл энэ хуулийн төслийг боловсруулахад оролцсон. Эрүүгийн хуулинд хуулийн этгээдийн алдар хүндэд халдах, худал мэдээлэл түгээх гэсэн заалт бий. Сүүлд Эрүүгийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийн этгээд гэсэн нэр томъёог ашиглаж төрийн байгууллагууд гомдол гаргадаг болсон. Төрийн байгууллагууд “Бидний алдар хүндэд халдлаа” гэж иргэнтэйгээ заргалддаг жишиг тогтоод удаж байна. Цөөнгүй иргэд ял шийтгүүлсэн. 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаагаар төр иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг хориглодог. Төр иргэнээсээ давсан нэр төртэй байх гажуудсан байдал бий боллоо. Ардчилсан улс оронд төр хуулийн этгээдийн эрх эдэлдэг ганц л тохиолдол байдаг нь иргэний маргаанд. Гэтэл эрүүгийн буюу нийтийн эрх зүйд үүнийг ашиглах гэж оролдож байгааг халахын тулд Эрүүгийн хуулинд заасан хуулийн этгээд гэх нэр томъёонд төр хамаарахгүй гэдэг тайлбарыг хийж өг байгаа. Цаашлаад 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулинд нийгэмд аюултай шинж чанар, хор уршиг гэсэн ойлголтыг хуульчилсан байна лээ. Энэ ойлголтыг халахаар Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж байна. Ардчилсан Үндсэн хуультай оронд хүнээс гадуур хэн нэгнийг яллахыг хориглодог. Тиймээс хэмжигдэхүйц маш тодорхой ойлголт байж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай зүйл хийснийг хэмжих боломжгүй. Хэт сүбьектив асуудлаар иргэнийг буруутгадгийг засч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээ, сэлт гэсэн ойлголтыг зөвхөн энэ нууцыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтнууд буюу хууль сахиулагч нарт үүрүүлж байна. Хариуцлага тооцох гэж байгаа бол нууцласан гэрчид л болно. Нууцласан гэрчийг мэдсэн этгээд мэдээллийг ил болгосон бол Эрүүгийн хариуцлага оноож болно. Түүнээс бусад хавтаст хэрэгт байгаа мэдээ, үйл явцыг мэдээлсэн иргэнд хариуцлага тооцдоггүй болж байна. Энэ мэт толгой филисофи санаатай шинэ нийгмийн үнэт зүйлийг хамгаалахад чиглэсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан” гэсэн мэдээллийг өглөө.