АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурлыг энэ сарын 20-нд багтаан хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурлыг энэ сарын 20-нд багтаан хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны нийт гишүүдэд хүргэх уриалга хүргүүлжээ.

Уг уриалгад, “Үндэсний Бодлогын хорооны хурлыг хуралдуулах тухай 2024 оны ээлжит сонгуулиас хойш нэг жил хүрэхгүй хугацаанд "хамтарсан" хэмээх Үндсэн Хуулийн бус Засгийн Газрын үйл ажиллагааны уршгаар төсвийн орлого их наядаар дутаж, хүний эрх эрх чөлөөний индекс 10 гаруй байраар ухарч, авилгын индексээр тодорхой ахицгүй, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 60 гаруй хувь өсөж, албан ёсны статистикаар гурван хүний нэг ядуу байсан бол өнөөдөр хоёр хүний нэг ядуу ангилалд шилжлээ. Энэ бүгд нь ардчилсан тогтолцооны чухал үнэт зүйл болох УИХ дахь бодит сөрөг хүчин байхгүй болсонтой шууд холбоотой үр дагавар бөгөөд 2024 оны ээлжит сонгуулийн өмнө Ардчилсан Намын тухайн үеийн удирдлагууд болох Л.Гантөмөр Э.Одбаяр нар МАН-ын удирдлагуудтай шууд хуйвалдан Ардчилсан Намын сонгуулийн сурталчилгааг хийлгүйгээр МАН-д тал засаж зориуд ялагдуулсаны шууд үр дагавар гэдэг нь харагдаж байна. Харин МАН-ын ухамсарт гишүүд энэ бүгдийг ойлгон хуйвалдаанд оролцсон намын удирдлагуудаа огцруулж цаашид намаа цэвэрлэх асуудлыг хөндөж буйд Ардчилсан Намын гишүүд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороог нэн яаралтай хуралдуулж, Л.Гантөмөр Э.Одбаяр нарт улс төрийн хариуцлага тооцож цаашид намын шинэ удирдлагыг сонгон Ардчилсан намаа эмхэлж цэгцлэхийг ҮБХ-ны нийт гишүүддээ уриалж байна. 2024 оны сонгуулийн үр дүнг манай намын Үндсэн дүрмийн хороо дүрмийн бусаар зориуд гуйвуулан тайлбарлаж Л.Гантөмөр нарыг дур мэдэн хариуцлагаас чөлөөлсөн үйлдэлд ч улс төрийн дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.13.13.1 дэх заалтыг үндэслэн Үндэсний Бодлогын Хорооны хурлыг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөрт багтаан хуралдуулахыг дэмжин гарын үсгээ зурахыг эрх бүхий Үндэсний Бодлогын хорооны нийт гишүүддээ уриалж байна” гэжээ.