Ж.Золжаргал: Утаат түлшинд хөрөнгө зарцуулахгүй гэсэн УИХ-ын тогтоолын эсрэг Хотын дарга 226 тэрбумаар коксжсон нүүрс Хятадаас авах тендер зарлалаа

Ж.Золжаргал: Утаат түлшинд хөрөнгө зарцуулахгүй гэсэн УИХ-ын тогтоолын эсрэг Хотын дарга 226 тэрбумаар коксжсон нүүрс Хятадаас авах тендер зарлалаа

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ирэх өвөл сайжруулсан түлш түлэхгүй, хагас кокс түлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Утаат түлшинд хөрөнгө зарцуулахгүй гэсэн УИХ-ын тогтоолын эсрэг Хотын дарга 226 тэрбумаар коксжсон нүүрс Хятадаас авах тендер зарласан. УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ. Би хотын даргын мэдэгдлийг үзээд маш их гайхсан. Монгол нүүрс экспортолдог улс. Гэтэл боловсруулсан нүүрсийг БНХАУ-аас худалдаж авна. Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр авах гээд сонгон шалгаруулалтаа энэ сарын 10-нд зарлажээ. Гэтэл үүнээс тав хоногийн өмнө УИХ тогтоол гаргасан юм. Энэ тогтоолд ажлын хэсгийн дүгнэлт бий. Утааны сонсгол гэж болсон доо. Үүний дараа БОАЖЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулсан юм. Тэр ажлын хэсгийн дүгнэлтэд утаа гаргадаг нүүрсэнд улсын төсвөөс мөнгө зарцуулахгүй гэсэн юм. Арваннэгдүгээр заалтад ингэж бичсэн. Засгийн газар ч бай, хот ч бай хуулийг хэрэгжүүлэх ёстой. Яагаад хотын дарга ийм тендер зарласныг би ойлгохгүй байна. Хагас коксон түлш гэдэг нь ноцдоггүй түлш юм. Ноцоохын тулд маш их юм хольж, их мөнгө зарцуулна. Зуухаа солих хэрэгтэй болно. Зуух солихгүй гэвэл түлшиндээ баахан юм буюу нээлт бүтээгдэхүүн нэмнэ. Тэгэхээр үнэ нь явж өгнө. 2023 онд нийслэл мөн 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас кокс Хятадаас авна гэсэн шүү дээ. Бөөн хэл ам болж больсон юм. Яг тэр ажил үргэлжилж байна. Тухайн үед нэг тонн нь 1.4-1.5 сая төгрөг байжээ. Одоо магадгүй хоёр сая төгрөг болох болов уу. Тэгснээс хангалттай хийн эсвэл цахилгаанаар халаасан нь дээр. Шал утгагүй юм болж байна.1.5 сая төгрөгөөр нүүрс авч шатаах гээд байна. Лабораторид нүүрс шатаахаар тортог бага гарах ч олноороо түлэхээр өөр үр дүн гардаг. Хөрс хөлдөхөөр утаа тогтоно, угаартах эрсдэлтэй. Дахиад бөөн хямрал, эцсийн дүнд нь мөнгө байхгүй. Төсвөө зарцуулчихсан, утаа нь хэвээрээ. Улс төрийн оноо авсан ч юмгүй, жонхуу болно. УИХ-ын тогтоолд энэ мөнгийг түлшинд биш дулаалгад зарцуулах тухай заасан. Дулаалга эрсдэл багатай. Нийслэл УИХ-ын тогтоолыг биелүүлэх ёстой. Мөн нийтийн мөнгийг ямар ч эрсдэлгүй, ухаалаг зүйлд л зарцуулах ёстой. Ажлын хэсгийн гишүүд бичгээр, албан шаардлагаа хүргүүлнэ. Би дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанд энэ талаар асуусан ч Ерөнхий сайд мэдээлэл авч амжаагүй байна" гэв.