Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 2024 он болон 2025 оны нэгдүгээр улиралд нийт 1992 бүртгэгджээ.
Улмаар 623 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Мал хулгайлах гэмт хэрэг Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн байна. Харин Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгджээ.
Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 623 хүний насны байдлыг авч үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нийт хэрэгт 18 хүртэл насны 5, 18-30 насны 227, 31-44 насны 296, 45-аас дээш насны 95 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 601, эмэгтэй 22 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 63, тодорхой эрхэлсэн ажилгүй 560 хүн байна.