Б.Жавхлан: 2.3 их наяд төгрөгийг төсвөөс танах бөгөөд 535 тэрбумыг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наяд төгрөгийг урсгал зардлаас хасна

Б.Жавхлан: 2.3 их наяд төгрөгийг төсвөөс танах бөгөөд 535 тэрбумыг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наяд төгрөгийг урсгал зардлаас хасна

Өнөөдөр /2025.06.18/ Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газрын эхний хуралдаан боллоо. Хуралдааны үеэр төсөвт тодотгол хийх асуудлыг танилцуулсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.  

Тэрбээр, "2025 оны төсвийн жил дундаа орж байна. Энэ үед төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдсэн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 гэсэн заалтуудад тухайн жилийн төсөвт тавигдсан хөрөнгө оруулалтууд худалдан авах ажиллагаа нь бүрэн дууссан, өөрөөр хэлбэл тендер нь зарлагдаад худалдан авах ажиллагаа нь хийгдээд, гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг хатуу заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа юм.

Улмаар худалдан авалтын бүтээн байгуулалт эхний хагас жилд хийгдээгүй л бол сүүлийн хагас жилд хийгдэнэ гэдэг бодит байдал дээр худлаа байдаг.

Тийм учраас төсвийн Ерөнхийлөн захирагч нарыг илүү хариуцлагажуулах болон төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалт, төслүүдийг төсөв дээр баталж байх зарчмыг дээрх заалтад тусгасан. Ингээд тавдугаар сарын сүүлд төсвийн Ерөнхийлөн захирагч нараас худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг авахад нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний нээлт хийгдээгүй байна. Тэгэхээр тавдугаар сарын 31-нээр мөрдөгдөж эхэлсэн төрийн хэмнэлтийн тухай хуулиар эдгээр төслүүд шууд хэмнэлт болж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн орлого дутсанаас болоод үүсэж болзошгүй алдагдал нь оны эцсээр 1.3 их наяд төгрөг болно гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарч байгаа.

Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн төсвийг тодотгох шаардлага үүсэж байна гэсэн үг. Тодотгол хийх эсэх талаар Ерөнхий сайд УИХ дээр өөрийн бодлогоо танилцуулахдаа мэдэгдсэн. Эдийн засгийн сорилттой тулгарааад байгаа энэ үед урсгал зардал, хөрөнгө оруулалтуудаа илүү оновчтой болгох, илүү их чадамжтай байдлаар цомхотгох, өөрөөр хэлбэл бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор төсвийн болон төрийн захиргааны засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээр өөрчлөлт оруулна.

2.3 их наяд төгрөгөөс 535 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наядыг урсгал зардлаас хасна.

Урсгал зардал дотор Үндэсний хороодууд болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, институцын зарим нэгийг татан буулгах, нийлүүлэх, нэгтгэх процесс хийгдэнэ. Төрийн албан хаагч нарын тоог цөөлөх талаар өмнөх Засгийн газар УИХ дээр ярьсан. Ирэх жилүүдэд төрийн албан хаагч нарын тоог 9 хувиар бууруулна гэсэн байгаа. Тэгэхээр 9 хувиар төрийн албан хаагч нарын тоог багасгах процесс энэ удаагийн тодотголоор эхэлнэ. Тэгэхээр 14400 төрийн албан хаагч нарыг цомхотгохоор байгаа. Үүнийг ирэх жилийн төсвөөс үү эсвэл тодотголоор уу гэдгийг судалж байгаад хугацаа алдалгүйгээр шийднэ" гэв.