Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Ганхуяг, Ч.Ундрам нар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.19/ өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан.
Хууль санаачлагчид Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар төслийг боловсруулжээ.
Хүчин төгөлдөр хуульд “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тодотгосон. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой гэдгийг хууль санаачлагч онцолсон. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам”-ын дагуу хуульд заасан шаардлага хангасан эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоож холбогдох арга хэмжээ авсны үндсэн дээр харьяат болох эсэхийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчид хүргүүлж болно гэсэн зохицуулалт үйлчилж буй аж. Хуулийн төсөлд тусгасан шинэ зохицуулалт мөн үүнд хамаарах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.