УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаярт Засгийн газарт орж ажиллах санал тавьсан ч татгалзсан.
Тэрээр энэ талаараа, "Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар парламентад суудалтай Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газарт ажиллая гэж саналаа албан бичгээр өгсөн. Ерөнхий сайд улс оронд тулгамдсан асуудлуудын гарц шийдлийг зөв илэрхийлж, ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудсан байгаа нь маш их таалагдсан. Товчхондоо энэ хүн ажиллаж чадах юм байна гэсэн итгэл надад төрсөн. Гэхдээ хамтарч ажиллах саналаас татгалзсан. Мэдээж хэд хэдэн шалтгаан бий. Шадар сайдын түвшинд хамтарч ажиллая гэсэн. Миний мэддэг, би хийж чадах, миний гараас үр дүн гарах хэдэн салбарууд бий. Шадар сайдын ажил эдгээртэй чиг үүргийн хувьд нийцээгүй. Ямар ч ажил хийсэн би сайдын ажил авах гэж "Юу ч хийсэн яах вэ, сайд л бол болоо" гэж гүйж явдаг хямдхан улс төрч биш гэдгээ хэлье. Ажил хэрэг авсан бол үр дүн гаргах ёстой гэсэн чиглэл баримталсан юм.
Г.Занданшатар сайд УИХ-ын гишүүн биш. Улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүйрлэж хэлэх юм бол нэг цагт улс төрийн эрх мэдэл байхгүй Ж.Эрдэнэбатын кабинетэд би ажиллаж байсан. Засгийн газрын тэргүүнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг.
Засгийн газрын бүрэлдэхүүн бол миний харж байгаагаар 100 хувь өөрийнх нь хүсэн хүлээсэн кабинет огт биш. Эрх мэдэлгүй хүнд зовлон тэр л дээ. Энэ нь надад таалагдаагүй. Гэх мэтчилэн миний тавьсан шаардлагад 100 хувь нийцээгүй учраас бусдад нь боломж олгох үүднээс болих шийдвэр гаргасан. С.Амарсайхан шадар сайд ажлаа надад өгье гэдэг саналыг өөрөө надад тавьсан. Гэхдээ би татгалзсан. Миний мэдэхгүй зарим салбар шадар сайдын ажилд харьяалагддаг учраас татгалзсан. Гэхдээ өнөөдөр энэ улс төрд Шадар сайдын албан тушаалаас татгазлах хүн надаад өөр байхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ" гэлээ.