МАН-ын УЗ ирэх долоо хоногт хуралдаж Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын нэгийг бүлгийн даргаараа сонгоно

МАН-ын УЗ ирэх долоо хоногт хуралдаж Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын нэгийг бүлгийн даргаараа сонгоно

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон. Тэгэхээр эрх баригч намын 68 гишүүнтэй бүдүүн бүлэг одоогоор даргагүй байна. 

Хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон туршлагатай улс төрчийг бүлгийн даргаар томилдог уламжлалтай. Энэ шаардлагын дагуу тус бүлгийн даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэгийг сонгохоор ярилцаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн даргаа сонгоно. Эцсийн шийдвэрийг тус хурлаас гаргана. 

Л.Энх-Амгалан гишүүний хувьд сүүлийн 2012 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд байнгын хороодын дарга, УИХ-ын дэд дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд гээд тасралтгүй даргаар ажиллажээ. Харин Ж.Бат-Эрдэнэ нь 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Шинэ Засгийн газар бүрдэж, Ардчилсан нам гэх том сөрөг хүчинтэй ажиллах энэ үед УИХ дахь бүдүүн бүлгийн хэн удирдах нь маш чухал. Тус бүлэг 68 гишүүнтэй түүний 38 нь анх удаа сонгогдсон залуу гишүүн. Энэ үед хуулийн төслүүдийг зангидах, гишүүдийн эв нэгдлийг хангах, улс төрийн ньюансыг мэдэрч чиглүүлэх туршлагатай хүн тус бүлэгт одоо хэрэгтэй. Дээрх хоёр хүн хоёулаа Удирдах зөвлөл рүү нэрээ оруулж өрсөлдөх аж.